Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад зориулан ОХУ-ын Засгийн газар нэмэлтээр 800 сая рублийн зардлыг Спортын яаманд төсөвлөжээ.
Энэ зардлаас 334 сая рублийг Волгоград, Нижний Новгород, Саранск, Самар, Калининград, Ростов-на-ДонуболонЕкатеринбург хотууд дахь цэнгэлдэх хүрээлэн, бэлтгэлийн талбайнуудыг ашиглах, 481 сая рублийг түр хугацааны дэд бүтцийг арчлах, орон нутгийн арга хэмжээ зохион байгуулахад зарцуулахаар болсон байна.
Дашрамд дуулгахад, 2017 оны аравдугаар сард дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэх зардлыг 35 тэрбум рублиэр нэмэгдүүлснээр нийтдээ 678,06 тэрбум төгрөгийн зардлаар ДАШТ-2018 зохион байгуулагдаж байгаа юм. Анхлан Холбооны төсвөөс 355 тэрбум рубль гарагна гэж төлөвлөж байсан ч 390 тэрбум рубль гарч, харин мужууд 92 тэрбум рубль, хувийн хэвшлээс 195,81 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Ийнхүү зардал нэмэгдсээр байгаад олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Учир нь ОХУ-д тэтгэврийн насны босгыг нэмэхээр болсон бөгөөд энэ шийдвэрийн улмаас “зөвхөн нэр хүндээ өсгөх гэж олон тэрбумаар салхинд хийсгэхээр хөгшчүүдээ бодох хэрэгтэй” гэсэн шүүмжлэл тасрахгүй, Путины нэр хүндэд ч ихээр нөлөөлж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Харин ОХУ-ын Засгийн газар ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулснаар ашиг орлого олно гэж үзэж байгаа юм.
ДАШТ-ийг зохион байгуулахад 700 хүрэхгүй тэрбум рубль зарцуулсан бол 867 тэрбум рубль олж, 233 тэрбумын рублийн цэвэр ашигтай болно гэж тооцоолжээ.
Түүний зэрэгцээ жуулчдын урсгал нэмэгдэж, ДНБ өснө гэж тооцоолж байгаа юм.
Б.Учрал
Уншиж байна |