Египетийн телевизийн хөтлөгч Абдрахим Мухаммед Негма шууд дамжуулалтын үеэр амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Зургаадугаар сарын 25-ны өдөр Египет, Саудын Арабын шигшээ багийн тоглолтыг Абдрахим тайлбарлаж байх үедээ улсынх нь шигшээ баг ялагдснаас болж хэт их сэтгэл хөдлөлд автсан байна. Өмнө нь Каирын “Замалек” багийн дасгалжуулагч байсан тэрбээр Египетийн хөлбөмбөгчдийн ялагдлыг харсны дараа зүрхний шигдээс болжээ. Эмнэлгийн түргэн тусламж богино хугацаанд ирсэн ч хөлбөмбөгийн тайлбарлагчийг аварч чадаагүй байна.
Ийнхүү хөгжөөн дэмжигчдийг хэт их гутралд автуулсан “буруутан” нутаг нэгтнүүдээсээ хүлцэл өчжээ. Тодруулбал, Египетийн шигшээ баг болон Английн “Ливерпүл”-ийн довтлогч Мохаммед Салах Орос болж буй ДАШТ-д баг нь муу тоглосонд Египетийн хөгжөөн дэмжигчдээс уучлалт гуйжээ. Тэрбээр багийн зарим тоглогчдийн хувьд ийм өндөр түвшний тэмцээнд ороход туршлага дутсан гэж хүлээн зөвшөөрсөн байна.
“Гурван тоглолтын явцад биднийг дэмжиж байсан Египетийн бүхий л хөгжөөн дэмжигчдээсээ уучлалт гуйж байна. Бидэнд хүнд байгаа шиг тэд ч хэцүү үеийг туулж байгааг би мэдэж байна. Нэг л зүйлийг хэлье. Египет сүүлийн 28 жилийн хугацаанд анх удаа ДАШт-д орлоо. Манай багийн зарим тоглогчдод туршлага дутсан” хэмээн Салах мэдэгдснийг Sports.ru дамжууллаа.
Энд дуулгахад Орост болж буй ДАШТ-д Египетийн шигшээ баг нэг ч оноо авч чадалгүйгээр А хэсгийн хамгийн сүүлийн байранд бичигдсэн юм. Нийт тоглолтуудын явцад ердөө хоёр бөмбөг оруулсныг хоёуланг нь багийн ахлагч Мохаммед Салах оруулсан байна.
Б.Учрал
Уншиж байна |