Аргентины Аюулгүй байдлын сайд Патрисия Буллрич дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Хорватын иргэнийг зодсон Аргентины хөгжөөн дэмжигчдийг албадан нутаг буцаахыг Оросоос хүсчээ.
“Элиа, Пардо, Эслехер болон Каталан гэсэн хүмүүс Хорватын иргэнийг зэрлэгээр зодсон. Тэднийг баривчлан, албадан нутаг буцаахыг Оросын эрх баригчдаас хүсч байна” хэмээн Буллрич твиттер хуудсандаа бичжээ.
Энд дуулгахад, Аргентины баг зургаадугаар сарын 21-ний өдөр Хорватын шигшээ багтай тоглон, ялагдсан юм. Нижний Новгород хотод болсон энэ тоглолт 3:0 харьцаатайгаар Хорватын ялалтаар өндөрлөсөн.
Энэ тоглолтын үеэр Аргентины шигшээ багийн бухимдсан хөгжөөн дэмжигчид Хорватын хөгжөөн дэмжигчийг зодож байгаа бичлэг Юүтүб хуудсанд тавигдаж, олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байлаа.
Дүрс бичлэг дээр Аргентины багийн хөгжөөн дэмжигчид Хорватын хөгжөөн дэмжигч рүү дайран, газар унагаж, өшиглөжээ. Энэ үеэр хажуугаар нь зөрж өнгөрч байсан хөлбөмбөг сонирхогчид зодооныг зогсоохыг оролдож байгаа нь мөн дүрс бичлэгт буужээ.
Б.Учрал
Уншиж байна |