Өнгөрсөн бямба гаригт Москва хотын төвд такси явган хүний зам руу орж, олон хүн гэмтээсэн хэрэг гарчээ.
Евроньюс агентлагийн дамжуулснаар, хэргийн улмаас 8 хүн гэмтсний дунд Мексикээс ДАШТ-ийг үзэхээр ирсэн хоёр иргэн байсан гэнэ. Мексикийн хоёр иргэн, Украины нэг иргэн, Оросын хоёр иргэн гээд нийтдээ 5 хүн эмнэлэгт хэвтсэн бөгөөд бусад 3 хүнд эмнэлгийн тусламж үзүүлэн, хэвтүүлэх шаардлагагүй гэж үзжээ.
Хэрэг үйлдсэн жолоочийг баривчилсан бөгөөд урьдчилсан мэдээллээр тэрбээр жолоодлогоо алдан, явган хүний зам руу орсон гэнэ. Тэрбээр шөнөөр ажиллаж байсан тул ядарч, жолооны ард зүүрмэглэсний улмаас энэ хэрэг гарчээ. Хэрэг гарсны дараа Москва хотын дарга Сергей Собянин мэдэгдэл хийж, ДАШт-ий хөгжөөн дэмжигчдийг дайрсан, Узбекистаны 28 настай иргэнтэй холбоотой хэрэгт биечлэн хяналт тавьж байгаа хэмээн мэдэгдсэн байна.
“Ильинка гудамжинд такситай холбоотой таагүй үйл явдал гарлаа. Жолооч жолоодлогоо алдсан. Үүний улмаас хэд хэдэн хүн гэмтсэн, тэдэнд шаардлагатай тусламж үзүүлсэн.Нөхцөл байдлыг хяналтандаа авлаа” хэмээн Собянин Твиттер хуудсандаа бичжээ.
Б.Учрал
Уншиж байна |