Британийн алдарт поп дуучин Робби Уильямс Москва хотноо ДАШТ-ий нээлтийн ёслолын үеэр зохисгүй үйлдэл \дунд хуруу гаргасан\ гаргасан нь Британийн хэвлэл мэдээллийнхний шүүмжлэлд өгсөн хариу байсан гэнэ. Энэ талаар ёслолын ажиллагааны найруулагч Илья Авербух мэдэгдсэнийг Риа Новости агентлаг дамжууллаа. “Робби Уильямсыг ийм үйлдэл гаргасныг огт ойлгохгүй байна” гэсний дээр дуучин энэ үйлдлээрээ Орост хандаагүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Москва хотын Лужники цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр болсон нээлтийн ажиллагааны үеэр Робби Уильямс Rock DJ дуугаа дуулах үеэрээ телевизийн камер руу харан, дунд хуруу гаргасан юм. Энэ үедээ тэрбээр “Би үүнийг үнэ төлбөргүй хийсэн” гэсэн мөрийг дуулж байсан бөгөөд түүний дууны эх шүлэгт ийм мөр байдаггүй гэнэ.
ДАШТ-2018 нээлтийн ёслолын ажиллагаанд Робби Уильямс дуулахаар болсон талаар зургаадугаар сарын 11-ний өдөр олон нийтэд мэдээлж байлаа. Тухайн үед тэрбээр 80 мянган үзэгчийн өмнө зогсон, ДАШТ-ийг нээн дуулах нь “багын мөрөөдөл” гээд Орост дахин очих гэж байгаадаа баяртай байна хэмээн мэдэгдэж байв. Харин түүнийг хэвлэлийнхэн болон олон нийт ёслолын ажиллагаанд дуулахыг зөвшөөрсөнд нь буруутган, шүүмжилж байв.
Хамгийн сүүлд, Оросын тагнуулч асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия Скрипаль нар хордсоны улмаас Британи болон ОХУ-ын харилцаа таагүй байдалд шилжсэн юм. Оросын тагнуулч байхдаа Британийн талд урвасан Сергей Скрипаль энэ оны гуравдугаар сарын дөрөвний өдөр Английн Солсбери хотын худалдааны төвд охины хамт ухаангүй хэвтэж байхад нь хүмүүс олж, эмнэлэгт хүргэсэн. Тэднийг мэдрэл саажуулах хорт бодисоор хордуулсан нь тогтоогдсон бөгөөд энэ хорт бодисыг Орост гарган авсан, мөн Орос улс хордуулсан гэж Их Британийн Ерөнхий сайд удаа дараа мэдэгдэн улмаар хоёр орны харилцаа хурцдаж, хоёр орон дипломатуудыг нутгаасаа албадан гаргасан юм.
Ийнхүү Британи, Оросын харилцаа хурцадмал байдалд шилжсэн үед дуучин Робби Уильямс Москвад дуулахыг зөвшөөрсөн нь “Путин дэглэмийг хүлээн зөвшөөрсөн хэрэг” хэмээн олон нийтийн сүлжээгээр шүүмжилж байв. Тиймдээ ч энэ шүүмжлэлийн хариуд Робби Уильямс “дунд хуруу гаргасан” гэж ёслолын найруулагч үзжээ.
Б.Учрал
Уншиж байна |