Өчигдөр буюу зургаадугаар сарын 14-ний өдөр Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд Орос, Саудын Арабын шигшээ багуудын хоорондын тоглолт эхлэхийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Саудын Арабын ханхүү Мухаммед бен Сальман Аль Сауд нар зэрэгцэн сууж, хоорондоо ярилцаж байгааг телевизийн сувгууд харуулж байлаа. Харин ийнхүү ярилцахдаа Путин Саудын Арабын багт амжилт хүсээгүй хэмээн Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ.
“Бид нэг нэгэндээ найрсаг ханддаг гэдгийг та сайн мэдэж байгаа. Гэхдээ намайг ойлгоорой, би танай багт амжилт хүсч чадахгүй нь. Хүчтэй баг нь л ялна” хэмээн Путин онцолжээ.
Түүний хэлсэн “хүчтэй баг ” нь энэ удаад Оросын шигшээ баг болж таарсан юм. Тоглолт 5:0 харьцаатайгаар Оросын ялалтаар өндөрлөж, улмаар Путин шигшээ багийнхандаа баяр хүргэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Ийнхүү гайхалтай гоол, чадварлаг тоглолтоор үзэгчдийг баясгаж, онооны хол зөрүүтэйгээр ялалт байгуулсан оросууд төрийн тэргүүнээсээ талархал хүлээж авсан бол нэг ч оноо авч чадалгүй тоглолтыг дуусгасан Саудын Арабын хөлбөмбөгчид ялагдсныхаа төлөө шийтгүүлэхээр болсон гэнэ.
Энэ талаар Саудын Арабын Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Адель Иззат мэдэгдснийг эх сурвалжууд дамжууллаа.
Нэг ч оноо авч чадалгүй ялагдсаных нь төлөө тамирчдыг шийтгэнэ гэсэн ч одоогоор чухам ямар сахилгын шийтгэл хүлээлгэх талаар тодорхойгүй байна.
Б.Учрал
Уншиж байна |