Хөлбөмбөгийн ДАШТ тэмцээн эхлэхэд цөөхөн цаг үлдлээ.Орос улс энэ тэмцээнийг анх удаа зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр буюу зургаадугаар сарын 14-ний өдөр ДАШТ-ий эхний тоглолт Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд Орос болон Саудын Арабын шигшээ багуудын хооронд болох бөгөөд тоглолт Москвагийн цагаар 18:00 цагт эхэлнэ.
Тоглолт эхлэхийн өмнө нээлтийн ёслолын арга хэмжээ болох юм. Энэ ёслолын арга хэмжээнд Британийн поп дуучин Робби Уильямс, Оросын дуурийн дуучин Аида Гарифуллина, хөлбөмбөгийн дэлхийн хоёр удаагийн аварга Рональду нар оролцоно. Түүнчлэн дэлхийн 20 орны төрийн тэргүүн тоглолтын нээлтийн арга хэмжээг үзэх юм байна.
Эргэн сануулахад, Орос улс ДАШТ-ийг эх нутагтаа зохион байгуулах эрхийг 2010 онд олж авсан. Тэр үеэс хойш тэмцээний бэлтгэл ажил эрчимтэй өрнөж, шинэ цэнгэлдэх хүрээлэн, зам барих, зочид буудал, нисэх буудал, спортын бааз, хэвлэлийн төвүүдийг шинэчлэх зэргээр ДАШТ зохион байгуулах нийт зардал 500 саяам.доллар болжээ.
Цомын төлөө дэлхийн хөлбөмбөгийн одууд тэмцэлдэх бөгөөд нийтдээ 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд 64 тоглолт болох юм. FIFA-ийн мэдээлснээр 2,5 сая тасалбар борлуулагдснаас 900 мянга орчмыг нь оросууд худалдан авчээ. Тэдний араас Америкийн фанатууд жагссан байна. Тодруулбал америкчууд 100 мянга орчим тасалбар худалдан авсан бол тасалбар худалдан авсан дүнгээр бразильчууд гуравдугаарт жагсчээ.
Хөлбөмбөгийн ДАШТ зохиогдох нэг сарын хугацаанд ОХУ-д 1,5 сая гаруй жуулчин ирнэ гэж тооцоолсон байна.
Б.Учрал
Уншиж байна |