Өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Оросын 11 хот, 12 цэнгэлдэх хүрээлэнд Хөлбөмбөгийн ДАШТ-ийн тоглолтууд явагдана. Орос улс түүхэндээ анх удаа энэ тэмцээнийг зохион байгуулж байгаагийн дээр анх удаа Европ, Ази тивийг холбосон нутаг дэвсгэр дээр энэхүү тэмцээн зохиогдож байгаагаараа онцлогтой. Түүнчлэн энэ удаагийн ДАШТ-ий үеэр анх удаа дүрс бичлэг давтан үзэх системийг ашиглахаар болжээ. Үүгээр “анх удаа” гэсэн тодотгол дуусахгүй. Шинжээчдийн онцолж байгаагаар ДАШТ-ий тоглолт болох Оросын хотуудад анх удаа аюулгүйй байдлын хангах дээд зэргийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа гэнэ. Тамирчид болон хөгжөөн дэмжигчдийн аюулгүй байдлыг хангахын тулд Орос улс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэв?
Зөрчил гаргасан цагаачдыг албадан гаргана
2018 оны тавдугаар сарын 25-2018 оны долоодугаар сарын 25-ны хооронд Москва, Санкт-Петербург, Екатеринбург, Ростов-на-Дону, Волгоград, Казань, Калининград, Нижний Новгород, Самар, Сочи, Саранск гэсэн 11 хотод аюулгүй байдлын онцгой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болжээ. ДАШТ-ийг зохион байгуулах хүрээнд Оросын хууль тогтоогчид зарим хууль, журамд тусгайлан нэмэлт оруулсны дээр түүхэндээ анх удаа ОХУ-ын Захиргааны хэрэг зөрчлийн тухай хуулинд түр хугацаанд үйлчлэх нэмэлт зүйл анги оруулсан байна.
Тоглолт болох хотуудад ирж буй иргэдийг бүртгэх шинэчилсэн дүрэм үйлчилж байгаа гэнэ. Энэ дүрмийн дагуу тэмцээн болох үеэр гадаадын иргэд хилээр нэвтэрсэн өдрөөс хойш нэг хоногийн дотор, Оросын иргэд гурав хоногийн дотор бүртгэл хийлгэх ёстой. Энэ журмыг зөрчвөл захиргааны журмаар арга хэмээ авах юм байна. Мөн цагаачдыг багахан зөрчил гаргасан ч ОХУ-аас албадан гаргахаар болжээ.
Хөгжөөн дэмжигчид визгүй зорчино
ДАШТ-ий үеэр жуулчдыг ихээр татах зорилгоор ОХУ-ын Засгийн газар визгүй зорчих боломжийг нээж өгчээ. Тодруулбал дэлхийн 30 орны иргэд ДАШТ-ийг үзэхээр Оросыг зориход виз мэдүүлэх шаардлагагүй болсон байна. Абхази, Аргентин, Бразил, Венесуэл, Израиль, Колумб, Никарагуа, Перу, Уругвай, Фижи, Чили, Эквадор улсын иргэд 90 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчих боломжтой болсон бол Босни Герцеговин, Макао, Куб, Серб, Таиланд, Черногорын иргэд 30 хүртэлх хоногоор, Хонгконгийн иргэд 14 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчих боломжтой болжээ.
Хориотой жагсаалт
Хэдийгээр олон орны иргэдэд ийн найр тавьж байгаа ч аюулгүй байдлыг хангах үүднээс “тааламжгүй этгээдүүд”-ийг нутагруугаа нэвтрүүлэхгүй байхыг ч мөн мартсангүй.Орос улс “стоп-хуудас” гаргасан бөгөөд энэ жагсаалтанд Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүс, Европын Холбооны гишүүн орнуудын хөлбөмбөгийн мэдээллийн хэсгүүдэд “үймээн таригч фанат” гэсэн ангилалд багтсан хүмүүс оржээ.
Түүнчлэн аюулгүй байдлыг хангах үүднээс тоглолт болох хотуудад үйлдвэрийн, соёлын, спортын, ахуйн зорилулалтын объектууд болон бусад нутаг дэвсгэрүүдэд хүчлэн хамгаалалт зарлажээ.
Тээврийн хэрэгслийн хязгаарлалт
ОХУ-ын Тээврийн яам нислэгийн хязгаарлалтын бүсүүд, агаарын орон зайг ашиглах хориотой бүсүүдийг тогтоосны дээр дэд бүтцийн зайлшгүй объектуудын ойролцоо байх усан санд хориотой бүс тогтоосон байна. Үүнтэй холбоотойгоор Оросын нисэхийн газар эдгээр бүсүүд дээгүүр нисэхийн тулд тусгайлан зөвшөөрөл авах ёстой болжээ.
Мөн тэмцээн болох хотууд руу зорчих автобусны хөдөлгөөнд хориг тавьсан байна. Зургаадугаар сарын нэгнээс долоодугаар сарын 17 хүртэл Казань, Москва, Нижний Новгород, Ростов-на-Дону, Самар, Санкт-Петербург, Сочи хот руу, зургаадугаар сарын нэгнээс зургаадугаар сарын 30 хүртэл Волгоград, Екатеринбург, Калининград, Саранскхотууд руу байнгын зорчигч тээврийн чиглэлийн автобуснуудаас бусад төрлийн автобус, тэр дундаа аялал жуулчлалын автобуснуудыг зорчихыг хоригложээ. Мөн спорт, боловсрол, эмнэлгийн байгууллагуудын ойролцоо байх төлбөртэй зогсоолуудыг хориглосон байна.
Бүгд зэвсгээ хураалгана
Оросын Үндэсний гвардын зэвсэгт хүчний холбооны алба аюулгүй байдлыг хангах үүднээс иргэний болон албаны зэвсэг, сум, хэрэглэлийг хураан, тэмцээн дууссаны дараа эргүүлэн олгох ажлыг зохион байгуулжээ. Харин иргэдийн амь нас, өмч хөрөнгө, байгалийн объектын аюулгүй байдал, үнэт ачаа хамгаалж байгаа ажилтнуудын буу зэвсгийг хураахгүй юм байна.
Энэ хориг тэсэрч дэлбэрэх бодис, хими болон хортой бодис ашигладаг үйлдвэрүүдэд ч хамааралтай. Тодруулбал ионжуулсан цацрагийн эх үүсвэр, аюултай химийн болон биологийн бодис, цацраг идэвхит, хортой, тэсэрч дэлбэрэх бодис ашигладах үйлдвэрүүд болон томоохон химийн үйлдвэрүүдийг ДАШТ болох үеэр түр хугацаанд үйл ажиллагааг нь зогсоосон байна.
Лонхтой шар айраг “нүдний гэм” болно
Аюулгүй байдлыг хангах онцгой арга хэмжээ хэрэгжүүлж буй нутаг дэвсгэрүүдэд шилэн лонхтой согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хоригложээ. Мөн хүн олноор цуглах газруудад согтууруулах ундааны жижиглэн худалдааг хориглосон байна.
Тогооч нар цагаан хорхойн шинжилгээ өгнө
Аюулгүй байдал гэдэг нь зөвхөн гаднаас ирэх халдлагаар тогтохгүй. Үүнд хүнсний аюулгүй байдал ч чухал. Тиймдээ ч Оросын хэрэглэгчийн хяналтын газар нийтийн хоолны салбарын ажилтнуудад зориулсан шинэчилсэн журам гаргасан байна. Энэ журмын дагуу ДАШТ эхлэхээс 14 хоногийн өмнө тогооч нар гэдэсний савханцар болон ходоод гэдэсний замын өвчин үүсгэгч бусад нянгийн шинжилгээ өгчээ. Зоогийн газрын үйлчлэгч, зочид буудлуудын ажилчид тэр бүү хэл сайн дурын ажилтнуудыг ч эмнэлгийн нарийн шинжилгээнд хамруулсан байна. Эдгээр ажилтнууд А гепатитын урьдчилан сэргийлэх тарилга хийлгээгүй, цээжний зураг авахуулаагүй зэрэг эмнэлгийн үзлэг оношилгоонд хамрагдаагүй бол ДАШТ-ий үеэр ажиллах эрхгүй болох гэнэ.
Бэлгэдлийг дур мэдэн ашиглавал торгуультай
Худалдаа, үйлдвэрлэлийн компаниуд зөвшөөрөл авалгүйгээр ДАШТ-ий билэгдэл, Забивака чонын дүрсийг ашиглах эрхгүй бөгөөд олон улсын дүрмийн дагуу Оросын хөлбөмбөгийн холбоо бүртгүүлсэн тул хууль бусаар ашиглавал ихээхэн хэмжээний торгууль төлөхөөр журамлажээ.Мөн “Russia 2018” гэсэн үгийг ч дур мэдэн ашиглавал халаасаа сэгсэрч мэдэхээр болж.
Зочид буудал, өрөөний үнэ
ОХУ-ын Засгийн газрын тогтоолоор 2018 оны тавдугаар сарын 14-наймдугаар сарын 15-ны хооронд хотуудын зочид буудлуудын хоногийн дээд үнийг тогтоожээ.
Мөн зочид буудал, дэн буудлуудыг зэрэглэлд орох шалгалтанд хамруулсан бөгөөд шалгалтанд хамрагдаж, зохих гэрчилгээ аваагүй буудлуудын үйл ажиллагааг зогсоож байгаа юм байна.
Ийнхүү шинэчилсэн журмын дагуу ДАШТ-ий үеэр 5 одтой буудлын нэг эсвэл хоёр ортой энгийн өрөө хоногийн 50 мянган рублиэс дээшгүй \1,9 сая төгрөг орчим\ , люкс өрөө 650 мянга хүртэлх рубль \24 сая орчим\, 4 одтой буудлын энгийн өрөө 20 мянга хүртэлх рубль \767 мянган төгрөг орчим\ люкс зэрэглэлийн өрөө -85 мянга хүртэлх рубль буюу 3,2 сая төгрөг, 3 одтой буудлын энгийн өрөө 12250 хүртэлх рубль буюу 469 мянган төгрөг орчим, 2 одтой буудал 7410 хүртэлх рубль буюу 284 мянга орчим төгрөг, 1 одтой буудал 6970 рублиэс дээшгүй буюу 267 мянган төгрөг, одгүй буудал 3480 рубль буюу 133 мянган төгрөг байхаар дээд үнийг тогтоожээ.
Хөгжөөн дэмжигчид болон сэтгүүлчид тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчино
Тоглолт болох өдөр 11 хотын хооронд явах болон хот доторх, хот орчмын төмөр замын тээвэр, нисэх буудлаас зорчих автобус, трамвай, троллейбус, аэроэкспресс \Москва хотын нисэх буудлуудаас төмөр замын буудлууд руу хүргэдэг галт тэрэг\, цахилгаан галт тэргүүд тоглолтын тасалбар авсан хөгжөөн дэмжигчид болон FIFA-аас зөвшөөрөл авсан сэтгүүлчдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. Нийтдээ 440 мянган суудал бүхий 782 галт тэрэг үнэ төлбөргүй үйлчлэх хуваарь гарчээ.
Б.Учрал
Уншиж байна |