Бөхийн холбооны маргаанаас болоод цуцлагдаад байсан Монгол Улсын аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан маргааш болох аж. Энэ талаар өнөөдөр дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй бөхийн холбооныхон мэдээлэл хийлээ.
Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан маргааш 13.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлэх юм байна.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн Л.Эрхэмбаяр “Бөхчүүдийн үл ойлголцлоос болоод энэ жилийн барилдааныг МИАТ компани ивээн тэтгэхээс татгалзсан. Монгол бөхийн манлай аваргуудын нэрэмжит барилдааныг тасалж болохгүй. Тиймээс сайхан сэтгэлтэй хүмүүстээ холбогдоод энэ барилдаанаа зохион байгуулахаар болсон” гэсэн мэдээллийг өглөө.
Дархан аварга Х.Баянмөнх “Бөхчүүдийг цол цолоор нь ялгаж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон. Бид энэ уламжлалыг хүндэтгэж, таслахгүй байхыг зорьж байна. Бид хувийн компаниудаас дэмжлэг гуйгаад, санхүүгээ оллоо. Маргаашийн энэ барилдаанаас эхлээд монгол бөхийн бай болоод засуул, эмч, тайлбарлагчийн шагнал ямар хэмжээнд байх нормыг тогтоосон барилдаан болно. Мөн аварга бөхчүүдийг энэ барилдаанд албан ёсоор урьж байна. Зарим бөхийг очиж болохгүй гэсэн дарамт байгаа бололтой. Аваргууд маань аваргынхаа баярыг хүндэтгээрэй. Аварга цол бидний хувийн өмч мэт боловч төр ард түмний мэдэлд 50 хувь нь байдаг агуу хүндэтгэл шүү” хэмээн бөхчүүдийг барилдаанд ирэхийг урилаа.
Аваргуудын нэрэмжит барилдаанд түрүүлсэн бөх зургаан сая төгрөгийн бай шагналын эзэн болно. Энэ барилдаанд 128 бөх зодоглох бөгөөд үнэ төлбөргүй байх аж. Мөн үзэгчдээс найман азтан шалгаруулж, 100-500 мянган төгрөгөөр урамшуулах юм байна.
Б.Учрал