Финланд улсын Ванта хотод пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн ДАШТ болж байна. Тус тэмцээнд оролцсон "Рио-2016" паралимпийн хүрэл медальт, МУГТ Э.Содномпэлжээ IPF-н хэвтээ шахалтын ДАШТ-ий 105кг-д жингийн рекордыг хоёр удаа шинэчлэн тогтоож, 242.5 кг-ыг шахаж Дэлхийн аварга болжээ.
Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн хувьд өнгөрөгч оны гуравдугаар сард Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, алтан медаль хүртэж байсан. Тэрбээр дэлхийн цомын тэмцээнд хоёр жил дараалан мөнгөн медаль хүртэж байсан бол ийнхүү медалийн өнгөө хувиргаж аваргын алтан медалийг энгэртээ зүүж, Дубай хотноо төрийн дууллаа эгшиглүүлсэн. Үүнээс хоёр сарын дараа буюу өнгөрөгч 2017 оны тавдугаар сард Унгар улсын Эгер хотноо болж болсон пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд жин өгсөж 97 кг-д хүч үзэж, шинэ жиндээ 221 кг өргөж дэлхийн цомын аварга болж, аварга цолоо дахин баталсан.
Харин энэ удаад ДАШТ-нээс аваргын алтан медаль хүртэж, 105 кг жингийн рекордыг нэг дор хоёр удаа шинэчилж, 242.5 кг шахаж, "Raw" төрлөөр Монгол Улсын анхны дэлхийн аварга, рекордын эзэн боллоо. МУГТ Э.Содномпилжээ Риогийн олимпоос хойш оролцсон тэмцээн бүртээ ийнхүү амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дэлхийн дахинаа олонтаа дуурсгалаа.
Энэ л эрч, хүч урам зоригоороо "Токио-2020" олимпод оролцож, Төрийн дууллаа эгшиглүүлээрэй.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |