Чөлөөт бөхийн цэргийн ДАШТ энэ сарын 15-17-нд ОХУ-ын нийслэл Москвад болж байна. 33 дахь удаагаа зохион байгуулагдсан уг тэмцээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны бөхчүүд амжилт дүүрэн оролцож, нэг алт, нэг мөнгө, таван хүрэл медаль хүртжээ.
Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд 2014 оны оюутны ДАШТ-ий хүрэл, “Mongolia Open” ОУТ-ий хүрэл, УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Бямбадоржийн Хаш-Эрдэнэ алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.
Харин эмэгтэйчүүдийн 68 кг-д спортын мастер Э.Даваанасан мөнгө, 62 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 65 кг-д Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Э.Цэвэгмид, 72 кг-д спортын мастер Пүрвээгийн Номин-Эрдэнэ, 76 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Одончимэг нар тус тус хүрэл медалийн эзэд болов.
Ийнхүү Монголын армийн “Алдар” спорт хорооны тамирчид энэ удаагийн Армийн ДАШТ-ээс нэг алт, нэг мөнгө, таван хүрэл медаль хүртсэн эмэгтэйчүүд багаараа хоёрдугаар байрт орсон амжилттай эх орондоо ирэхээр боллоо.
Багийн бүрэлдэхүүнд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Одончимэг, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, Э.Цэвэгмид, цэргийн дэлхийн аварга Н.Лхамгармаа, Г.Отгонжаргал, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Болор-Эрдэнэ тэргүүтэй эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсон юм.
Монголын армийн бөхчүүд өнгөрсөн жил Литвын Клайпеда хотод болсон ДАШТ-ээс хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртэж байв.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |