Хөлбөмбөгийн ДАШТ-ий цом Монгол Улсад анх удаа аялж буйтай холбогдуулан Монголын хөлбөмбөгийн холбооноос “Оддын хөлбөмбөг”-ийн тэмцээнийг хоёр дахь жилдээ өчигдөр /2018.04.23/ зохион байгууллаа. Анхны тэмцээнд оролцож байсан урлаг, спортын олон алдартнууд энэ жил дахин өрсөлдсөн юм.
Улаан өмсгөлтэй буюу “Шонхорууд” багт хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Э.Бадар-Ууган, Х.Цагаанбаатар, улсын аварга Ч.Санжаадамба, жүжигчин Т.Бархүү, У.Цогтбаяр, М.Баярбат, Г.Манлай, Н.Ялалт, Э.Цогтбаяр, С.Болд-Эрдэнэ, “Ice Top” хамтлагийн дуучин Д.Манлайжаргал, дуучин Т.Батсайхан, “Хурд” хамтлагийн хөгжимчин Д.Отгонбаатар, загвар өмсөгч М.Оргил, сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч Т.Санчир нар тоглолоо.
Тэгвэл тэдний өрсөлдөгч цэнхэр өмсгөлтэй “Барсууд” багт хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн хос медальт Н.Түвшинбаяр, улсын аварга С.Мөнхбат, улсын гарьд Н.Ганбаатар, гавьяат тамирчин Д.Отгондалай, жүжигчин Э.Ууганбаяр, С.Тэмүүжин, Лхагвацэрэн, Д.Энхбаяр, Э.Алдар, “Digital” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг, дуучин П.Идэржавхлан, “Чоно” хамтлагийн дуучин Д.Дэрмээ, “Хурд” хамтлагийн хөгжимчин Д.Мөнхбат, дуучин П.Баярцэнгэл, “Motive” хамтлагийн дуучин Ц.Эрдэнэбаяр, сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч Б.Билгүүн нар талбайд гарав.
Тоглолтын эхнээс илүүрхсэн жүжигчин Н.Онон дасгалжуулагчтай “Шонхорууд” баг өрсөлдөгчөө 3:0-ийн харьцаатай хожсоноор таван сая төгрөгийн шагналын эзэд боллоо. “Барсууд” багийнхан хэдийгээр ялагдсан ч гурван сая төгрөгийн урамшууллыг гардсан юм.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |