Нэгэн цагт үхэр саалгахгүй телевиз, радиогийн өмнө уяж, уран мэхийг уралдуулан барилдаж олон түмнээ цэнгүүлж явсан хоёр Мөнхийн нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний баяр наадамд 6 удаа түрүүлсэн Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат 77 насандаа бурхны оронд заларч бөхөд хайртай Монгол түмнийг уй гашууд автуулаад байна.
Өнөөдөр /2018.04.13/ дархан аварга Ж.Мөнхбатыг сүүлчийн замд нь үдэх ёслол боллоо. Тэнгэр хангай хүртэл “уйлж” байх шиг цас хямаргалсан энэ өглөө аваргаа үдэж буй ард түмний сэтгэл ч хүндхэн байлаа. Сүүлчийн замд нь үдэх ёслолд отгон хүү Хакухо М.Даваажаргал болон дархан аварга Х.Баянмөнх, Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Дархан аварга Г.Өсөхбаяр, аварга Ч.Санжаадамба нарын үе үеийн аваргууд хүрэлцэн ирсэн байв.
Идэр залуудаа итгэл хүлээлгэсэн олныхоо сэтгэлийг чилээхгүй гэсэн дээ эр бяраа гайхуулан “арсалдаж” явсан үе хоёр Мөнхөд бий. Хоёр талаас хэн хэнийгээ “хэмлэж”, тэгсэн атал тэрүүхэндээ өмөөрч, өндөлзөж суусан ч цаг бий дээ. Хэдий тийм ч буурал орчлонгийн жамаар нэг нь хорвоогоос буцахад Хорлоогийн Баянмөнх аварга үдэхээр ирчихсэн нулимсаа арчиж суугаа нь хачин их сэтгэл өвтгөлөө. Хөөрхий өвгөн аварга он цагийн шаргал тоосонд будантаж сарнисан залуу халуун насаа, өөрийг нь ирлэж, хурцалсан нөгөө Мөнхийгөө өнөөдөр үгүйлсэндээ ийн уйлж суугаа байх даа.
Хакухо М.Даваажаргал “Хоёр Мөнхийн нэг Баянмөнх аваргыг хүрэлцэн ирсэнд миний сэтгэл маш их хөдөлж байна. Би өөрөө тамирчин хүн. Тамирчин хүний гол өрсөлдөгч нь өөрөө болон өрсөлдөгч нь байдаг гэж би боддог. Хоёр Мөнх бол XX зууны үндэсний бөхөд шинэ уур амьсгал урласан, их спортод ч хамтдаа амжилт үзүүлж эх орон ард түмнээ баясган цэнгүүлсэн билээ. Наадамд нэг нэгэнтэйгээ үнэн шударга, даван ялахын төлөө барилдаж явсан хоёр Мөнхийн маань нэг түүх болон үлдэж байна. Баянмөнх аваргадаа урт насалж, удаан жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе” хэмээн хоолой зангируулан хэлэв.
Уран мэхийг уралдуулан барилдаж, элгэн түмнээ цэнгүүлж явсан их аварга минь Монгол түмэндээ эргэж төрөөрэй. Ум сайн амгалан болох болтугай.
Г.Тэгшсүрэн