Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 2018 оны “Дэлхийн цом”-ын тэмцээн дөрөвдүгээр сарын 7-8-нд АНУ-ын Айова хотод болно. Тус тэмцээнд оролцох манай улсын тамирчид маргааш /2018.04.04/ АНУ-ыг зорино.
Тус тэмцээнд найман удаагийн түрүүтэй Ираны шигшээ баг оролцохоос татгалзсан билээ. Бөхийн орон Ираны бөхчүүд “А” хэсэгт зохион байгуулагч орон АНУ, 2016 оны тус тэмцээний хүрэл медальт Гүрж, Ази тивийн төлөөлөл Японы шигшээ багтай “А” хэсэгт багтсан юм.
Тэгвэл тэдний оронд ДБНХ (UWW)-ноос өнгөрсөн жилийн Парисын ДАШТ-д багийн дүнгээр 11 дүгээр байрт орсон Монгол Улсын шигшээ багийг оролцохыг урьсан. Ингэснээр манай улсын чөлөөт бөхийн эрэгтэй сүүлийн таван жил дараалан Дэлхийн цомд зодоглохоор болсон.
Монголын багийн бүрэлдэхүүнд 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 65 кг-д Б.Батмагнай, 70 кг-д С.Ганбаяр, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 79 кг-д ОУХМ Г.Идэрхүү, 86 кг-д О.Үйтүмэн, 92 кг-д Л.Төртогтох, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо нар хүч үзэхээр болсон. Эднээс 70 кг-ын жинд АНУ-ын Мэриландын их сургуульд дасгалжуулагчаар ажилдаг, спортын мастер С.Ганбаяр, хэдхэн хоногийн өмнө Билл Фарреллийн ОУТ-д 79 кг-д зодоглосон ОУХМ Г.Идэрхүү нар оролцоно.
Багийн ахлагчаар МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн П.Гансүх, албаны хүнээр П.Буяндэлгэр, дасгалжуулагчаар Б.Баттулга, шүүгчээр Ц.Сэрээтэр нар ажиллах бөгөөд Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг тамирчид маргааш эх орноосоо мордох юм.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |