Скэлэтон чарганы спортоор олимпийн хошой аварга болсон Лиззи Ярнхолд маш ховор тохиолдох удамшлын гажигийн улмаас өвдгөндөө мэс ажилбар хийлгэхээр болсон байна. Энэ талаар Британий бобслей болон скэлэтон чарганы холбоо мэдэгджээ.
Ярнхолд нь энэ онд болж өнгөрсөн Пёнчан-2018 өвлийн олимпийн наадамд аваргалснаар аваргаа хамгаалж, олимпийн хошой аварга болсон Британий хамгийн анхны скэлэтон чарганы тамирчин болсон. Гэвч олимп дуусмагц тэрбээр бэлтгэлдээ эргэн ороод байсан юм.
Түүний хувьд өнгөрөгч оны 11 сард өвдөгний гэмтэлтэй гэж оношлогдож байсан боловч олимпийн наадмыг өнжихгүй байх шийдвэр гаргасан юм. Тэгвэл тэрбээр уг гажигаа засах мэс ажилбар саяхан орсон бөгөөд “Мэс ажилбар маш сайн болж өнгөрсөн. Саад болж байсан зүйлээ хэвийн болгосон нь тааламжтай байна. Гэртээ амраад, таяг тулаад явах нь их этгээд мэдрэмж байна. Гэхдээ ингэж удаан байхгүй гэдгээ л сайн мэдэж байна” гэсэн юм.
Өвдөгний уг ховор тохиолддог гажиг нь холбоос эдүүд болон шөрмөснүүд нарийсч, сунадаг өвчлөл аж. Олимпийн үеэр уг өвчлөлийн талаар тусгай мэргэжлийн эмч нартай зөвлөлдөж, улирлыг дуустал хүлээж болох эсэхийг ярилцсан бөгөөд эмч нар нь зөвшөөрсөн байна. Улмаар томоохон тэмцээнүүдээ дуусгасны төлөө шаардлагатай байсан мэс ажилбараа хийлгэсэн нь энэ юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |