Өнөөдөр Вашингтон Визардсын эсрэг тоглосон тоглолтод Сан Антонио Спөрс багийн хүчний довтлогч ЛаМаркус Алдриж тоглолтын эхний хагаст өвдгөө гэмтээж тоглолтыг орхилоо. Зүүн өвдгөндөө авсан гэмтлийн улмаас тоглолтод эргэж ирээгүй юм. Улмаар 116:106 харьцаатай Визардс ялалт байгуулсан.
Алдриж гарахаасаа өмнө 13 оноо, 4 самбараас бөмбөг авалттайгаар тоглолтыг үргэлжлүүлж байв. Улмаар түүний гэмтэлтэй холбоотойгоор Пау Газол хоёрдугаар хагаст ихэнхи минутыг талбайд өнгөрүүлэв.
Алдрижийн гэмтэл хэр ноцтой эсэх нь тодорхогүй байгаа учраас талбайд эргэн гарах хугацааг тодорхойлох боломжгүй байгаа юм. Ямартай ч уг гэмтэл арай ядан хасагдах шатны төлөө тоглож буй Спөрсийн хувьд хүндхэн цохилт болж буй нь ойлгомжтой. Тэд 43-32 амжилттайгаар бүсийнхээ 6-р байран яг одоо бичигдэж байгаа.
“Хэрвээ ЛаМаркус гэмтсэн, өвдсөн, ханиад хүрсэн бол бид маш хүнд асуудалд орлоо л гэсэн үг. Бид өнөөдөр хожил авахад маш хүнд багтай учраа таарлаа. Тэдэнд хожил юу юунаас илүү хэрэгтэй байгаа баг шүү дээ. Алдрижийн гэмтлийг гайгүй байгаасай гэж найдаж байна” гэж багийн ахмад тоглогч Ману Жинобили сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьдлаа.
Сан Антонио Спөрс багийн хувьд хасагдах шатнаас мултрах аюултай байгааг дээр дурьдсан. Тэд 9-р байранд буюу хасагдах байрлалд байгаа багаас 3 хожлын л зөрүүтэй явж байгаа юм. Багийн лидер Кавай Леонардгүйгээр улирлын ихэнхи хэсгийг өнгөрүүлж байгаа Спөрс ийнхүү Алдрижийг алдсан нь харамсалтай. Түүний өвдөгний гэмтэл хэр ноцтой болохыг MRI шинжилгээгээр олж мэдэх юм.
Алдриж сүүлийн 7 тоглолтод 32.4 оноо, 8.7 самбараас бөмбөг авалт, 1.6 хаалт дунджилж байсны ачаар баг нь 6 тоглолтод нь ялалт байгуулаад байсан билээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |