Монголд шинэ тутам хөгжиж байгаа атлаа маш хурдан хугацаанд амжилтанд хүрч буй спортын төрөл бол 3х3 сагсан бөмбөг буюу гудамжны сагсан бөмбөг. Улаанбаатар Хангарьд хэмээх баг маань дэлхийн тур аялан тоглолтуудад, их дуулгын тэмцээнүүдэд амжилттай оролцож, Ази тивийн аварга болсон гээд өнгөрсөн нэг жилийн хугацаан дахь амжилтыг нь дурьдаад байвал өчнөөн. Оюутны дэлхийн аварга, танхимын наадмын аварга гэх мэтээр цааш хөвөрнө.
Тэгвэл Монгол шиг дундаж цалин багатай, үүнийгээ дагаад амьжиргааны өртөг ч бусад орнуудтай харьцуулахад боломжийн газарт уг спортын тамирчид маш хурдан хугацаанд амьдралаа өөрчлөх боломжтой аж. Учир нь энэ онд Олон Улсын Сагсанбөмбөгийн Холбооноос 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн уралдааны шагналын санг шинэчилж, нийт шагналын сан 1 сая ам.доллар болжээ.
Уг шагналыг Мастерс ангилалын тэмцээнд түрүүлсэн багт 30000 ам.доллар, 2-р байранд орсон багт 20000, 3-р байранд орсон багт 12000 ам.доллар, 4-р байранд орсон багт 8000 ам.доллар, Дэлхийн Турын финалд аваргалсан багт 40000, 2-р байранд орсон багт 30000, 3-р байранд орсон багт 18000, 4-р байранд орсон багт 12000 ам.доллар тус тус өгөх зарчмаар хуваарилах аж. Жилд их дуулгын буюу Мастерс ангилалын 9, Бээжингийн финалын тэмцээнтэй нийлээд 10 тэмцээн болдог гэж бодохоор яам, тамгын газруудаас санхүүжилтгүйгээр өөрсдийгөө болгоод явах бүрэн боломжтой харагдаж байгаа юм.
Үүнээс гадна дэлхийн чансаанд эхний 8 байранд бичигдсэн багт мөн мөнгөн урамшуулал өгөх аж. Тухайлбал: 1-р байр-60000 ам.доллар, 2-р байр 48000 ам.доллар, 3-р байр 40000 ам.доллар, 4-р байр 36000 ам.доллар, 5-р байр 32000 ам.доллар, 6-р байр 28000 ам.доллар, 7-р байр 24000, 8-р байр 20000 ам.долларыг тус тус урамшуулал болгон авна.
Тэгвэл дээр дурьдсан Улаанбаатар Хангарьд баг яг одоогоор дэлхийн чансааны 12-р байранд буюу шагналт байрнаас дөрвөн байрны ард бичигдэж байна. Энэ жил оролцох тэмцээнүүддээ амжилттай оролцож гэмээнэ тэмцээний шагналуудаас авахаас гадна чансааны бонусыг ч авах боломжтой харагдаж байгаа юм.
3х3 сагсан бөмбөгчид маань сарын дараа Азийн АШТ-д аваргаа хамгаалахаар БНХАУ-ын Шэньжэнь хотыг зорино.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |