Өнөөдөр МҮЭСТО-ы спорт зааланд ширээний теннисийн спортын шилдэг 12 эрэгтэй тамирчны халз тулаан болж байна. Уг тэмцээн МУ-ын анхны аварга Ц.Сэрээтэр агсны нэрэмжит болж зохиогдож байгаа аж. Тэмцээнд оролцож буй тамирчдын амжилтыг нийлүүлбэл 11 удаагийн улсын аварга, 20 дэд аварга, 20 хүрэл медалийн эзэд байгаа юм. Эдгээр тамирчид өнөөдөр шилдгээ шалгаруулна.
Тэмцээнд оролцож байгаа тамирчид нь МШТХ-ны чансаагаар тодорсон бөгөөд урилгаар оролцож байна. Тэмцээний эхний шат тойргоор тоглож, хоёрдугаар шатнаас эхлэн хасагдах журамтай юм. Улмаар тэмцээнд ялсан шилдэг тамирчин шилжин явах цомын эзэн болох юм.
Уг тэмцээнд оролцож байгаа тамирчид 4 хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд “А” хэсэгт Чинзориг, Баярмагнай, Алтаншагай нар “Б” хэсэгт Билэгт, Мөнхзориг, Лхагва-Эрдэнэ, “С” хэсэгт Эрдэнэбаяр, Бэгз, Алтантулга, “Д” хэсэгт Лхагвасүрэн, Батдэлгэр, Тэмүүлэн нар багтжээ.
Тэмцээн үнэ төлбөргүй бөгөөд ширээний теннис сонирхогч бүрийн өмнө нээлттэй явагдаж байна. Тэмцээний шүүгчээр МШТХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Д.Галсанбуян, Б.Амгалан, Ц.Энхбат нар ажиллах юм. Тэмцээнийг Ц.Сэрээтэр агсны гэр бүл, үр хүүхдүүд гардан зохион байгуулж байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |