Өнөө өглөө НБА-ын талбайд 8 тоглолт боллоо. Эдгээр 8 тоглолтоос Милуоки Бакс Клиппэрст 127:120-ийн харьцаатай хожигдсон тоглолт дорнод бүсийн багийн хувьд хамгийн гарзтай ялагдал байв. Улирал дуусахад 11 тоглолт үлдээд буй энэ үед тэд плэй оффын өрсөлдөөнд 8 дугаар байранд бичигдэж байна. Өөрөөр хэлбэл унах аюултай гэсэн үг. Үүн дээрээс үлдсэн 11 тоглолтын хуваарь тийм ч амар биш байгаа юм. Тодруулбал Сан Антонио Спөрс, Голден Стэйт Уорриорс, Дэнвер Наггетс, Бостон Сэлтикс гэх мэт плэй оффын байрлалын төлөө өрсөлдөж байгаа 4 багтай тоглох хуваарьтай байна. Үүн дээрээс Филаделфи 76, Клиппэрс гэх мэт плэй оффт орохын талаа амь тавьж буй багуудын талбайд зочилно. Айлын талбайд зочилно гэдэг бол ер нь л хүнд байдаг. Сүпер одгүй бол бүр ч хүндэрдэг жамтай. Ийм учраас Баксын улирлын төгсгөл хүнд байдалд ороод байгаа юм.
Учир нь Баксын сүпер од, Грек аймшиг хочит Яннис Антэтокумпо өнөөдөр болсон тоглолтод шагайгаа далий гишгэж гэмтэл аваад байна. Хэдийгээр түүний гэмтлийг ноцтой биш гэж үзэж байгаа боловч өнөөдрийн тоглолтод лав эргэж ирсэнгүй.
Бакстай 8 дугаар байрлалын төлөө өрсөлдөж байгаа Дэтройт Пистонс багт эсрэгээрээ сайн зүйл болсон долоо хоног өнгөрч байна. Багийн гол холбон тоглогч Рэжжи Жэксон энэ долоо хоногт гэмтлээсээ эргэн ирээд байгаа юм. Энэ бол Дэтройтын хувьд үлдсэн тоглолтуудад бүрэн хүчээрээ дайралт хийх боломж гэсэн үг. Яг энэ давхцал нь Баксын хувьд маш том гарз болж болзошгүй юм. Тэд энэ улиралд Миддлтон, Блэдсо нарын од тоглогч нараас гадна гэмтлээсээ эргэн ирсэн Жабари Паркэр, сэлгээнээс давгүй тоглолт үзүүлэх чадамжтай Шабазз Мухаммед гээд бүрэлдэхүүн зузаан байгаа. Гэвч гол мотор нь байхгүй бол тоглолтын найруулга тэр чигтээ өөрчлөгдөнө гэсэн үг. Үхрийн сүүлэн дээр хутга гэгчийн үлгэр буюу плэй оффын байрлалаа алдаж ч болзошгүй байдалд Милуоки Бакс ороод байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |