Монголын Автомашин Спортын Холбооноос 2018 оны нээлтийн тэмцээнээ зохиох гэж байна. 10 гаруй жилийн өмнө зохиогдож байгаад больсон седан ангилал буюу суудлын автомашины ангилалаар уг уралдаан болох юм. Нийт автомашин сонирхогчдын хувьд анхны гараа гэдгээрээ онцлогтой уг уралдаан 3 сарын 25-нд буюу энэ ням гаригт Дархан, Эрдэнэт явах замд, хуучнаар 52-ын даваа буюу Баруунтуруун хэмээх газар болох товтой байна.
Ралли Кросс төрөл буюу энгийнээр байгалийн бартаат замын уг уралдаанд мэргэжлийн 6 клубын 16 тамирчин авхаалж самбаа, хурд хүчээ сорих юм. УАШТ нь 4 нийт гарааны нийлбэрээр аваргаа тодруулахаас хамгийн эхнийх нь энэ тэмцээн юм. Speed Cup Round 1 нэртэйгээр зохион байгуулагдах энэхүү тэмцээнийг уг ангилалд уралддаг тамирчдын санаачлага, зохион байгуулалтаар ажил болгож байгаа бөгөөд тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр замын хажуугийн үйлчилгээ буюу MAS болон Horse Power Racing Team клубүүд хамтран ажиллаж байгаа ажээ. Уг уралдааны шагналт байруудад цом, медаль, мөнгөн шагнал өгөхөөс гадна хамгийн чухал нь жилийн эцсийн нийлбэр дүнг гаргахад хэрэгтэй оноог өөртөө нэмэрлэнэ. Тэргүүн байранд орсон тамирчин 26, хоёрдугаар байранд орсон тамирчин 18, гурав болон дөрөвдүгээр байранд орсон тамирчин 17, 5 дугаар байранд орсон тамирчин 14 оноо гэх мэтээр оноо цуглуулж, нийлбэр 4 гарааны оноогоор жилийн эцэст улсын аваргаа тодруулна.
Тэмцээн 1.5 км-ын тойрог замд 6-7 тойрог уралдаж тухайн өдрийн ялагч тодрох юм. Уг тэмцээнд хамгийн олон тамирчинтай оролцож байгаа клуб нь Horse Power Racing Team бөгөөд нийт 4 тамирчнаа сойж байгаа аж. Тавдахь жилдээ зохиогдож буй уг тэмцээний өмнөх жилүүдээс ялгарах онцлог нь тэмцээний менежмэнтийг тамирчид өөрсдөө гардан гүйцэтгэж байгаа гэнэ.
Сүүлийн жилүүдэд автомашин сонирхогч залуус нэмэгдэж буйн баталгаа нь энэ жилийн эхний гараанд Эрдэнэт хотоос нэг тамирчин зорин ирж орж буй явдал юм. X-Boost клубийн уг тамирчин Улаанбаатар хотын тамирчидтай хурд хүчээ ганцаараа сорихоор ирж байгаа бол энэ жилийн гурав дахь гарааг Эрдэнэт хотод буюу X-Boost клубын унаган талбай дээрээ зохиох ажээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |