Өнгөрөгч амралтын өдрүүдээр манай хойд хөршид Екатеринбургийн их дуулгын тэмцээн болж өнгөрлөө. Уг тэмцээнд манай орноос 18 тамирчин оролцсон бөгөөд 1 алт 3 хүрэл медаль хүртсэн. Д.Сумъяа, Г.Наранцэцэг, Г.Алтанбагана нарын тамирчид хүрэл медаль хүртсэн бол цорын ганц алтан медалийг -73 кг-ын жинд барилдсан Ц.Цогтбаатар хүртсэн юм.
3 хоногийн өмнөхөн 22 нас хүрсэн залуугийн хувьд 2017 оноос эхлэн уг жинд барилдаж эхэлсэн юм. Өмнө нь тэрбээр 60 кг-д барилддаг байсан билээ. Харин жин нэмж барилдах болсон нь манай тамирчинд зохиж байгаа гэлтэй. Анх 2017 оны 6 сард Хөх хотын гран при тэмцээнд жин өгсөж барилдсан тэрбээр ердөө хоёр дахь том тэмцээн болох Нидерланд улсын Гааг хотын гран прид хүрэл медаль авсан юм. Үүний дараа Токиогын их дуулгад оролцож туршлага хуримтлуулсан Ц.Цогтбаатар сарын өмнө болсон Парисын их дуулгад одтой сайхан барилдаж мөн хүрэл медаль хүртэж 500 оноог өөрийнхөө чансаан дээр нэмэрлээд байсан билээ.
Монголын шигшээ багийн нэр бүхий шилдэг эрэгтэй жүдочид өөр орны нэр дээрээс барилдах хүсэлтэй байгаа талаар мэдээлэл гарч, жүдо сонирхогчид нэг хэсэгтээ манай жүдо уналтад орох нь дээ хэмээн зарим нэг нь халаглаж байсан нь саяхан. Тэгвэл Монгол жүдогийн орон мөн юмаа гэдгийг 22 насныхаа төрсөн өдрөөр Цогтоо дэлхийд зарлаж чадлаа. Фердинанд Карапетиан, Уали Куржев, Фабио Базиле нарын шилгүүд оролцсон Екатеринбургийн их дуулгад ийнхүү Ц.Цогтбаатар түрүүлж өөртөө төрсөн өдрийн болон Монголчуудад цэргийн баярын бэлэг барьж чадсан юм.
Г.Одбаяр ахыгаа орлон явсан Цогтоог одоо бол дэлхий танидаг болсон. Харин дэлхийн 73 кг түүнээс хулгадаг болох нь ердөө л цаг хугацааны асуудал биз ээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |