"Дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн, Монгол Улсын Гавьяат тамирчин, ОУХМ Бадамгаравын Гангаамаа” сэдэвт шуудангийн маркийг худалдаанд гаргахаар болжээ. Уг маркийг танилцуулах өдөрлөг өнөөдөр /2018.03.19/ Биеийн тамир, спортын газарт боллоо.
МУГТ Б.Гангаамаа дэлхийн 7 том оргилыг гүйцээсэн анхны Seven Summiter болсон. Түүний энэхүү амжилтыг маркад багтааж өгсөн нь онцлог болжээ. Энэхүү марк нь “Монгол Шуудан” ХК-ийн 1032 дахь шуудангийн марк бол Монголын уулын спортын түүхэн дэх хоёр дахь марк аж.
МУГТ Б.Гангаамаа “Маш их баяртай байна. Миний хувьд Монгол орныхоо Алтай таван богдын Хүйтний оргилд маш олон удаа гарсан. Энэ оргил намайг уулчин болгосон гэж хэлж болно. Тийм учраас монголынхоо ноён оргилыг маркийн гол хэсэгт оруулж өгөх хүсэлтэй байсан ч маркийн сэдэв нь дэлхийн долоон тивийн ноён оргил байсан учраас “тоон дотор үсэг цохиж явна” гэгчээр олон улсын хүмүүс гайхах болов уу гээд больсон” гэв.
Тэрбээр Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд 2017 онд амжилттай авиралт хийн “Seven Summiter” болсон билээ.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |