Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 17 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээн өнөөдөр Японы Такасаки хотод эхэллээ. Дэлхийн цомын нэг мөнгө, хоёр хүрэл медальт, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг тамирчид “В” хэсгийн эхний барилдаанаа 2007, 2008, 2009, 2010, 2011, 2013 оны Дэлхийн цомын аварга БНХАУ-ын шигшээ багтай хийв. Хэзээнээс манайхны хэцүү өрсөлдөгч байсаар ирсэн Нанхиадын эмэгтэй бөхчүүдэд 1:9-өөр ялагдлаа. Манайхнаас цорын ганц ялалтыг “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа Оюан Жинлинг 8:7-гоор ялж авчээ. “Парис-2017” ДАШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин П.Орхон өрсөлдөгчтэйгээ барилдаагүй юм. Бүсгүйчүүд маань 12:45 цагаас Беларусьтай, 17:00 цагаас Румынтай тус тус барилдана. Энэхүү хоёр барилдаанаас хэсгээсээ хоёрдугаар байраар гарах үгүйгээ шийдэх юм.
НЭГДҮГЭЭР ТОЙРОГ
Монгол - БНХАУ 1:9
50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг - Сун Янан 0:10
53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа - Оюан Жинлинг 8:7
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг - Жан Ки 5:6
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Пей Шинру 1:9
59 кг: Баатаржавын Шоовдор - Рон Ниннинг 3:3
62 кг: Пүрэвдоржийн Орхон - Луо Ксяохуан барилдаагүй
65 кг: Соронзонболдын Батцэцэг - Тан Чуинг 4:6
68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг - Зао Фенг 5:16
72 кг: Очирбатын Насанбурмаа - Хан Юи 4:14
76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа - Зоу Киан 0:14