Кайри Өрвинг 2015 оны шигшээ цувралд өвдгөндөө гэмтэл авч байсан. Тухайн үед уг гэмтэл түүний замналын турш нөлөөлж болох талаар мэргэжлийн эмч нар хэлж байсан. Тэр ч ёсоор энэ улиралд Кайри Өрвинг багагүй тоглолтод өвдөгний зовиурын улмаас оролцохгүй байгаа. Эх сурвалжуудын мэдээллээр түүний өвдөг байнгын зовиуртай байгаа аж.
Тэгвэл түүний гэмтлийн талаар багийн ерөнхий менежэр Дэнни Эйнж NBC телевизэд өгсөн ярилцлагын үеэр тодрууллаа. Түүний хэлснээр Өрвинг өвдгөндөө дахин мэс ажилбар хийлгэх болсон гэнэ. Гэхдээ энэ зун, эсвэл дараа зуны аль нэгийг сонгож улирал дундын амралтыг гэмтлээ илааршуулахад зориулна. Мөн Эйнжийн хэлснээр яг одоо бол Кайрид бага зэрэг амралт хэрэгтэй байгаа бөгөөд энэ зовиур нь плэй оффт нөлөөлөхгүй гэнэ.
Эйнж “Бид улирал эхэлж байхад л түүнийг бүх тоглолтод оролцохгүй гэдгийг мэдэж байсан. Плэй оффт бүх хүчээрээ тоглоход улиралд 72-75 тоглолтод оролцож, үлдсэн тоглолтуудад амрах хэрэгтэй гэдгийг мэдэж байсан. Тэр ч ёсоороо одоо амрах хэрэгтэй болоод байна. Бас бид бага зэрэг болгоомжлолтой хандаж байгаа. Ер нь болгоомж хэзээд илүүдэхгүй шүү дээ. Бид түүнийг эрүүл бас плэй оффт бэлэн байгаасай гэж хүсэж байна. Түүнийг плэй оффт бид бүх хүчээрээ тоглохыг бид харах болно” гэжээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |