Өнгөрөгч намар Монголын 3х3 сагсан бөмбөгийн багийн залуус Азийн АШТ-д амжилттай оролцож түрүүлж байсан. Тэгвэл 2018 оны Азийн АШТ өнгөрсөн жилээс эрт эхлэх хуваарь гарчээ. Тодруулбал 4 дүгээр сарын 29-өөс 5 дугаар сарын 1-ний хооронд БНХАУ-ын Шэнь Жэнь хотноо болно.
БНХАУ-ын 3х3 сагсан бөмбөгийн холбоо, Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбооны 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулах уг тэмцээн нь Ази болон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн нэрийн дор явагдана. Хятад улс нь 3х3 сагсан бөмбөгийн төрлийг ихээхэн дэмжин ажилладаг бөгөөд өмнө нь 2016 онд Дэлхийн Цом, U18 ангиллын Дэлхийн Цом зэрэг тэмцээнүүдийг зохиож байснаас гадна 3х3 их дуулга буюу дэлхийн тур аялалын хамгийн сүүлийн шигшээ тэмцээн нь Бээжин хотод болдог уламжлалтай талаар ОУСБХ мэдээлж байна.
Энэ талаар БНХАУ-ын 3х3 СБХ-ны тэргүүн Чай Вэншэнг “Анх удаагаа тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байгаадаа сэтгэл хангалуун байна” гэж товчхон хариулт өгчээ.
Уг тэмцээнд нийт эрэгтэй 22, эмэгтэй 18 баг өрсөлдөх бөгөөд тэгшитгэлийн буюу урьдчилсан шатны тоглолтууд явагдсаны дараа эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 баг нь үндсэн хэсгийн тоглолтуудаа хийнэ. Тивдээ чансаагаар эхний 10-т бичигдсэн эрэгтэй 10 баг нь шууд урьдчилсан тэгшитгэлийн тоглолтуудыг алгасаж байгаа бол бусад багууд нь үлдсэн хоёр эрхийн төлөө өрсөлдөх аж.
Аваргаа хамгаалах зорилготой Монголын эрэгтэй шигшээ баг А хэсгийг тэргүүлж байгаа бол уг хэсэгт Катар болон Тайваний шигшээ багууд багтсан байна. Харин манай эмэгтэй багийн тухайд урьдчилсан тэгшитгэлийн тоглолтуудад тоглох бөгөөд Узбекстан, Вануату, Хонгконгийн багтай учраа таараад байгаа юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |