Филиппиний домогт боксчин Мэнни Пакьяао энэ оны 6 дугаар сарын 24-нд Малайз хотноо WBA холбооны аварга Лукас Маттъястай тулалдахаар болжээ. Өдгөө 39 настай Филиппиний домогт тулаанч Жэфф Хорнтой тулалдах сонирхолтой байсан ч Хорн 4 дүгээр сарын 14-нд Тэррэнс Крауфордтой тулалдах болсон тул ийнхүү өрсөлдөгчөө сольж байгаа аж.
Пакьяао харин Аргентиний боксер Маттъясын эсрэг өөрийгөө боломж багатай гэж үзэж буй талаараа хэллээ. Өдгөө 35 настай Аргентиний тулаанч 39 ялалт байгуулж, 4 ялагдаж байсан нэгэн юм. Энэ талаар Мэнни “Үнэхээр хүндхэн тулаан болно. Маттъяс бол хүнд цохилтын мастер л гэсэн үг. Гэхдээ би тулааны дараа дахин дэлхийн аварга болно гэж бодохоор сэтгэл догдолж байна. Би энэ тулаанд бусдын нүдээр ялах магадлал багатай тулаанч нь байх. Гэхдээ би үргэлж л тийм байсаар ирсэн. Иймэрхүү зүйлс намайг маш их хурцалж өгдөг. Үүнээс нь үүдээд би бэлтгэлдээ маш шаргуу гардаг. Ялахад хүнд тулаан болгон надад сонирхолтой сорилт болдог. Би түүний дайчин тулалддагт нь дуртай. Үзэгчид ч тийм тулааныг үзэхийг хүсдэг учраас би ч ийм тулаанчтай тулахыг байнга хүсдэг. Тэр бол хүмүүсийн ярьдаг шиг бохир тулаанч биш” хэмээлээ.
Пакьяао нь өмнө нь 8 өөр ангилалд дэлхийн аварга болж байсан. Нийт 59 тулаанд ялж 7 удаа ялагдаж 2 тэнцэж байсан агуу тулаанч юм.
Тэрбээр өнгөрөгч онд Австралийн тулаанч Хорнд WBO холбооны аваргын бүсээ алдаад байгаа юм. Филиппин нударга Мэнни нь 23 жил мэргэжлийн бокс тоглож байгаа бөгөөд 2016 онд зодог тайлах шийдвэр гаргасан ч удалгүй рингэндээ эргэн ирж, ердөө хэдхэн сарын дараа Жесси Варжастай тулалдаж WBO холбооны аварга болж байсан нэгэн. Түүний 38 хүнд цохилтоор авсан ялалтын хамгийн сүүлчийнх нь 8 жилийн өмнө болж байсан учраас судлаачид түүнийг ялах магадлал багатайд тооцож байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |