Сүүлийн 20 жилийн лигийн хамгийн тогтмол амжилттай баг гэвэл сагсан бөмбөг сонирхогчид нэгэн дуугаар Сан Антонио Спөрс гэж хариулна. Гэхдээ энэ жил тэд нэг л болж өгөхгүй байгаа. Агуу Тим Данкан зодог тайлж, Тони Паркэр үе үе ачааллаа дийлэхгүй гэмтэж, Ману Жинобили сэлгээнээс нэмдэг эрч хүчээ мэр сэрхэн нэмэх болоод буйтай холбоотойгоор их гурвын эрин үе Кавай Леонард, ЛаМаркус Алдриж гэсэн хослол руу шилжсэн билээ. Харамсалтай нь багийн лидер, лигийн хамгийн төгс хамгаалагч Кавай Леонард нь энэ улирлыг бараг бүтэн өнжиж байна. Нэг хэсэг багаасаа явах хүсэлтэй байгаагаа ч илэрхийлээд амжсан. Улмаар тодорхойгүй шалтгаанаар өдийг хүртэл талбайд харагдаагүй. Үүний улмаас Спөрс сүүлийн 12 тоглолтынхоо 9-д нь ялагдал амсжээ.
Энэ маягаараа тэдний улирал бүр 50 буюу түүнээс дээш хожил авдаг цуврал зогсох аюулд өртөөд буй юм. Зөвхөн үүгээр ч зогсохгүй тэд плэй оффоос хасагдах зурааснаас 1.5 хожлын зөрүүтэй арай гэж 8-р байранд явж байна. Үүн дээр бас нэгэн таагүй мэдээ байгаа нь үлдсэн тоглолтын хуваарь. Маш хүнд тоглолтын хуваарь, хэцүү учраануудтай нүүр тулна.
Америк комик ном, сүпер баатруудтай хүүхэлдэйн кинонууд, сүүлийн үеийн уран сайхны кинонуудад ийм үед юу тохиолддогийг хүн бүр мэднэ. Сүпер баатар гарч ирэх ёстой. Харин багийн од Кавай Леонард яг одоо бол сүпер баатар болох бололтой.
Тодруулбал энэ долоо хоногийн Лхагва гаригт болох тоглолтод Кавай Леонард эргэн ирж магадгүй гэсэн мэдээлэл АНУ-ын хэвлэл мэдээллээр гарч эхэллээ. Харин бүтэн улирлын турш бүтэн тоглолтод ч тоотой хэд л оролцсон Леонард үнэхээр сүпер баатар болж чадах болов уу? Энэ бүхний хариултыг бид манай цагаар ирэх Пүрэв гаригт харах болно.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |