Ирэх ням гаригаас мэргэжлийн сүмогийн ээлжит башё эхэлнэ. Энэ сараас эхлэн манай хоёр ёкозуна цолтон барилдана. Их аварга Хакүхо М.Даваажаргал барууныг манлайлах бол аварга Какүрю М.Ананд зүүнийг тэргүүлнэ. Уг башёд манай улсаас хоёр аваргатай нийлээд 6 сүмоч барилдана. Тодруулбал Чиёошима Г.Мөнхсайхан, Араваши Э.Дөлгөөн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножо А.Ичинноров нарын бөхчүүд дээд зиндаанд хүч үзнэ.
Эдгээрээс Хакүхо М.Даваажаргал 64 башёд ёкозуна цолтой барилдаж буйгаараа онцлогтой юм. Энэ нь хамгийн олон башёд их аварга цолтой барилдсан түүхэн амжилтыг шинэчилж буй үйл явдал болж байгаа.
Озеки цолтнуудад онцлох зүйл байхгүй бол секиваке Митакүми 5 дахь башёдоо дараалан секивака цолтой зодоглох гэж байна. Мөн 7 дахь удаагаа цолтой барилдаж буй нь энэ юм. Мөн секивакегаар Точиношин барилдана. 2016 оны 7 дугаар сард хамгийн сүүлд уг цолтойгоор барилдаж байсан Точиношин 10 башёгийн дараа цолоо эргүүлэн авчээ.
Харин көмүсүби цолонд манай бөх Ичиножо А.Ичинноров эргэн ирлээ. Тэрбээр 2015 оны 5 дугаар сард уг цолтойгоор барилдаж байгаад дараа башёд нь секивака болсон ч харамсалтай нь цолоо алдаж, түүнээс хойш цолондоо дахин хүрч чадаагүй байжээ. Харин өөр нэг Көмүсүби цолтой бөх нь Чёотайрю юм. Тэрбээр 2014 оны 9 дүгээр сараас хойш 21 башё цолгүй барилдсан юм.
Мөн манай бөх Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маань жюрё зиндаа руу унаж барилдахаар болсон таагүй мэдээ байгаа. Тэрбээр жюрё зиндааны барууны 5-аас босч барилдана. Өмнө нь озеки цолонд хүртэл хүрэн барилдаж байсан Г.Ган-Эрдэнэ гэмтэл бэртлийн улмаас ийнхүү төдийлөн сайн барилдаж чадахгүй байсаар жюрё хүртэл унав. Энэ нь сүмогийн түүхэнд дөрөв дэх тохиолдол аж. Өмнөх гурав нь Дайжү, Миябияма, Барүто нар байсан. Мөн дээд зиндаанд түрүүлж байсан бөх зиндаа доошилж буй 12 дахь тохиолдол бөгөөд хамгийн сүүлийнх нь мөн л Барүто юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |