Нэг миль газрыг 4 минутад туулсан анхны хүн гэж алдаршсан Британий тамирчин 88 насандаа таалал төгслөө. “Сыр” Рожэр Баннистер нь 2011 онд Паркинсоны хам шинж эмгэгтэй хэмээн оношлогдож байсан бөгөөд өнөөдөр Оксфорд дахь гэртээ амьсгал хураажээ.
Тэрээр 1954 оны 5 сарын 6-нд Иффли спортын талбайд 3 минут 59.4 секунд гүйж мөд эвдэгдэхгүй гэсэн рекорд тогтоож байв. Мөн Оксфордод анагаах ухаанаар сурч байхдаа хөнгөн атлетикаар хичээллэж байсан юм. Тэрбээр уг мэдлэгээ өөрийнхөө бэлтгэлд зарцуулж байсан бөгөөд хожмоо мэдрэлийн эмч болсон билээ.
Гэхдээ түүний рекорд 46 хоногийн дараа л эвдэгэж байсан байна. Гол өрсөлдөгч Австралийн тамирчин Жон Лэнди 3 минут 57.4 секунд гүйснээр мөд эвдэгдэхгүй гэсэн байсан рекорд бүдгэрч байсан түүхтэй.
Уг хоёр тамирчин 1954 онд хамтын нөхөрлөлийн орнуудын тэмцээнд мөн л уралдаж байжээ. Барианд орох дөхөх үед Лэнди тэргүүлж явсан бөгөөд өрсөлдөгчөө хаана байгааг харах гэж ганцхан эргэж харсаныг нь Баннистер ашиглаж алтан медаль хүртэж байсан түүхтэй. Ингэхдээ 3 минут 58,8 секунд гүйсэн байна.
Милийн газрыг хамгийн хурдан хугацаанд туулсан реккордыг одоо Марокко улсын гүйгч Хичам Эл Гүэрроу эзэмшиж байгаа аж. Тэрбээр 1999 оны 7 сарын 7-нд 3 минут 43.13 секунд гүйж байсан юм. Харин 4-өөс доош минутад уг зайг туулсан эмэгтэй тамирчин хараахан гараагүй байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |