Одоогоос хоёр жилийн өмнө Монгол улс залуучуудын өвлийн олимпийн анхны аваргаа баярын халуун нулимс, хадаг сүүтэй “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас угтаж байлаа. Анхны аварга, 17-хон настай адтай, одтой тамирчин бол Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Буянтогтохоын Сумъяа байв.
Тун саяхан Өмнөд Солонгосын Пёнчан хотноо 23 дахь удаагийн өвлийн олимп болж өндөрлөлөө. Тус олимпод Б.Сумъяа оролцож, дахин ард түмнээ баярлуулах буй за гэсэн итгэл, хүлээлт эрхгүй элэг нэгтнүүдэд нь байсан. Гэвч тэрбээр энэ удаад санхүүгийн хүндрэлийн улмаас өвлийн олимпод оролцож чадаагүй тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Үүнээс улбаалан манайхан аливааг шүүрч авч “шуугих” дуртай хойно төр засаг, тэшүүр, цанын холбоог шүүмжлэн, хэсэгтээ л халаглав. Эцэст нь үр дүнд хүрсэнгүй. Харин Японы мэргэжлийн сумогийн их аварга, Хөдөлмөрийн баатар Асашёорюү Д.Дагвадорж залуу тамирчинд дахиад нэг шинэ боломжийг нээж өгч Японы биеийн тамирын дээд сургуульд суралцуулах болсноо дуулгав.
Болж бүтэхгүйн зовлон бидэнд олон л доо. Гэвч хүнд хэцүү үед хэн нэгэн сайхан сэтгэлтэн тусламжийн гараа сунгах хамгийн сайхан. Асашёорюү Д.Дагвадорж амжилтаа ахиулахсан гэхээс “асч” яваа идэрхэн тамирчинд үнэхээр л итгэл “өвөрлүүлэх” шиг боллоо. Б.Сумъяа “Таны итгэлийг алдахгүй, цаг мөч бүхэнд хичээх болно” хэмээн баярласан сэтгэгдлээ илэрхийлжээ.
Д.Дагвадорж аварга дэлхийд данстай эр л дээ. Б.Сумъяагийн ээж учир байдлаа тайлбарлан тусламж гуйсанд “Манай үүд хаалга монгол тамирчинд нээлттэй шүү” хэмээж байсан өөрийн шүтэн бишрэгч рүү гээ утас цохиод л Б.Сумъяаг Япон улсад суралцуулахаар болж. Залуу тамирчинд амжилтаа ахиулах боломж нээж өгсөнд нь түмний өмнөөс талархмаар.
Тэр өмнө нь 100 жилийн өмнө манжийн дарлалыг эсэргүүцэн босч, Монголыг нэгтгэх их үйлсэд амь бие хайрлалгүй зүтгэж явсан эх оронч Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн охин Должингийн охин Лхамжавд хоёр өрөө байр бэлэглэсэн. Энэ одоогоос жилийн өмнөх баярт үйл. Ингэж л их аварга Д.Дагвадорж идэр тамирчин, өтөл буурал хоёрт хариу нэхээгүй тус хүргэсэн. Эх орон, ард түмнээ гэсэн дүүрэн сэтгэлд тань энэ удаад дахиад талархлаа.
Г.Тэгшсүрэн