Асашёорюү Д.Дагвадорж Залуучуудын өвлийн олимпийн аварга, тэшүүрийн тамирчин Б.Сумъяаг Япон улсын Биеийн тамирын дээд сургуульд суралцуулахаар болжээ.
Энэ тухай Асашёорюү Д.Дагвадорж цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн бөгөөд “Өчигдөр Б.Сумъяагийн ээж надтай утсаар холбогдож, охиноо гадаадад суралцахад туслах боломжтой эсэхийг асуусан. Ээжийнх нь хүсэлтийн дагуу Японы биеийн тамирын дээд сургуулийн захирал миний дэмжигч хүнтэй холбогдлоо. Тэрбээр манай сургуульд сайн тамирчин сургавал нээлттэй шүү гэдэг саналыг өмнө нь надад тавьж байсан. Түүнтэй холбогдож Б.Сумъяагаа тус сургуульд суралцуулахаар боллоо” хэмээв.
Б.Сумъяа “Танд чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Таны итгэлийг алдахгүй цаг мөч бүхэнд хичээх болно” хэмээжээ. Ийнхүү Асашёорюү Д.Дагвадоржийн тусламжтайгаар Монгол улсын анхны өвлийн олимпийн аварга Б.Сумъяа Япон улсад суралцах боломжтой болжээ.
Норвегийн Лиллехаммер хотноо 2016 онд залуучуудын өвлийн II олимп зохион байгуулагдсан. Тус наадмын гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа Үндэсний олимпийн хороодын нэгдмэл багийн уралдаанд оролцон залуучуудын олимпийн алтан медаль хүртсэн билээ. Ингэснээр Монгол Улс өвлийн олимпийн төрлөөр анх удаагаа Олимпийн аваргатай болсон юм.
Харин өнгөрсөн өдрүүдэд Өмнөд Солонгосын Пёнчан хотноо зохион байгуулагдаж өндөрлөсөн 23 дахь өвлийн олимпод тэрбээр санхүүгийн хүндрэлийн улмаас оролцож чадаагүй тухайгаа хэлж байсан.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |