Токио 2020 зуны олимпийн наадам болоход хоёр жилийн хугацаа үлджээ. Тус олимпийг зохион байгуулах хорооноос бэлгэ тэмдгээ албан ёсоор зарлалаа.
Уг бэлгэ тэмдгийг сонгохдоо Японы ерөнхий боловсролын 16 000 гаруй сургуулийн 200 000 гаруй сурагчдаас санал хурааж сонгосон байна. Өнөөдөр уг санал хураалтын хариуг сонсохоор Токиогийн Шинагава орон нутгийн захиргааны байранд 600 гаруй сурагч хүрэлцэн иржээ. Рёо Танигүчигийн бүтээсэн бэлгэ тэмдэг 109.041 санал цуглуулснаар уг сонгон шалгаруулалтад ялсан бөгөөд тэрбээр уг арга хэмжээний үеэр “Би яг одоо орчлонгоос тасарчихаад байна. Хамгийн түрүүнд хайрт ханьдаа миний бүтээл сонгогдсон гэдгийг хэлмээр байна” гэжээ. Уг бэлгэ тэмдгүүд нь “бие биенээ хүндэл” “сайн найзууд” гэсэн утгыг илэрхийлэх юм.
Цагаан, цэнхэр өнгөтэй бэлгэ тэмдэг нь хүссэн газартаа дуртай үедээ очих онцгой чадвартайгаас гадна шударга ёс, шударга өрсөлдөөн, жинхэнэ тамирчин зэргийг бэлгэдэж буй аж. Харин ягаан өнгөтэй паралимпийн бэлгэ тэмдэг нь харцаараа бүхнийг хөдөлгөн удирдах чадварыг болон байгаль дэлхийг хайрлах зүрх сэтгэл болон дотоод сэтгэлийн хүчийг бэлгэдэж буй гэнэ.
Японд газар орны бэлгэ тэмдэг болгож ийм бэлгэ тэмдгүүдтэй болоход маш их ач холбогдол өгдөг юм. Бэлгэ тэмдэг болсон амьтдын хувцастай хүмүүс өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ борлуулах, хоолны фестивалуудад оролцох, ирсэн зочдод нэрийн хуудас, танилцуулга гэх мэт зүйлс тараах ажлыг хийдэг ажээ. Тэднээс олсон ашгийн хэмжээ ч маш их байдаг бөгөөд 2016 онд Кумамон нэртэй хар баавгайн дүрслэл бүхий бэлгэ тэмдэг 128 тэрбум иений ашиг олж рекорд тогтоож байжээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |