Ирээдүйн алдрын танхимын гишүүн, НБА-ын гурван удаагийн аварга Дуэйн Уэйд энэ улирлыг дуусгаад чөлөөт агент болно. Тэрбээр 10.9 оноо дунджилж, Кавалерсийн сэлгээнээс тоглож байгаа билээ. Өдгөө 36 настай тоглогч өвдөгний гэмтлийн улмаас хуучны тоглолтоо гаргаж чадахаа больсон. Гэхдээ л тэр хувцас солих өрөөнд болон талбай дээр хамгийн нөлөөтэй тоглогчдийн нэг байсаар байгаа. Тэгвэл энэ улирлыг дуусгаад дахин нэг улирал тоглож чадах болов уу? Энэ талаар тэрбээр саяхан нэгэн сэтгүүлчид хариулт өгчээ.
“Хэлж мэдэхгүй байна. Анх удаагаа л энэ зун яах вэ гэж бодож байна. Өмнө нь байнга л гэрээгээ сунгах, эсвэл гэрээ байгуулах гэх мэт зүйлс боддог байсан. Харин энэ жил анх удаагаа л энэ зун болоход миний биеийн байдал яах бол гэдгээс эхлээд багууд намайг сонирхох болов уу зэрэг гэдгийг бодож байна. Гэхдээ яг шийдсэн, төлөвлөсөн зүйл алга. Ямар ч шийдвэр гаргасан надад сайхан байх болно. Шийдвэр маань надаас өөрөөс хамаарах учраас. Хөгшрөх тусам тоглолтуудад биеэ бэлдэх зэрэг зүйлс ч өөрчлөгддөг. Маш олон зүйлийг нухацтай бодож үзэх хэрэгтэй байна. Дахиад тэр ачааллыг авахыг үнэхээр хүсэж байна уу гэдгийг өөрөөсөө асууж байна. Хаслем энэ талаар байнга ярьдаг байсан. Хөгшрөх тусам ачаалал нэмэгдэж байгаа юм шиг санагддаг гэж. Харин энэ жил би гэр бүлийнхэн, сагсан бөмбөг, өөрийгөө гээд их олон зүйлийн талаар нухацтай бодож үзнэ. Маиамид буцаж ирсэн нь энэ талаар тайван бодох сайхан боломжийг надад өгсөн. Пат Райли болон Мики Арисон нартай суугаад надад дахиад тоглох эсвэл тоглохгүй байхын аль нь хамгийн тохиромжтой вэ гэдгийг ярилцах хамгийн сайхан боломж гэж бодож байна” гэж тэрбээр ярилцлагадаа дурджээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |