Гуанжоу Эвэргранд багийн дасгалжуулагч асан, Герман мэргэжилтэн Марко Пеццаюоли БНХАУ-ын хөлбөмбөгийн хөгжлийг удаан хугацаанд хүлээцтэй хандах шаардлагатай гэж орон нутгийнхаа сэтгүүлд өгсөн ярилцлагын үеэр дурьджээ.
Тэрбээр “БНХАУ-ын шигшээ баг дэлхийн аваргын хэмжээнд өрсөлдөхийн тулд нэгээс хоёр үе солигдох хугацааны зүйл ярих ёстой” хэмээжээ. Энэ талаараа Нюрембергийн сэтгүүлд өгсөн ярилцлагатаа дэлгэрэнгүй дурьдсан байна.Мөн энэ ярилцлагатаа хэдийгээр бодлогын түвшинд сайн ажиллаж, залуу авьяастнуудыг хөгжүүлэх ажил сайн байгаа боловч дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргах хэмжээний хөгжлийг ярихад урт хугацааны тасралтгүй бодлого хэрэгтэй гэв.
Мөн аль болох гадны лигүүдэд олон тоглогч нь тоглож байж дотоодын лиг нь чанаржих, хөл бөмбөг нь улсынхаа хэмжээнд урагш алхах болно гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
БНХАУ-д хөлбөмбөгийг ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт хүртэл оруулж, улс орон даяар хамарсан төсөл хөтөлбөр болгон засгийн газрын зүгээс ажиллах болоод багагүй хугацаа өнгөрч байгаа аж. Герман мэргэжилтэн үүнийг сайшаагаад хэдий тийм боловч амжилт тийм амар ирэхгүй гэдгийг ч дахин дахин цохин тэмдэглэсэн байна. “Европын хөлбөмбөг өнөөдрийн түвшинд хүрэхийн тулд хэдэн арван жил зарцуулсан гэдгийг мартаж болохгүй” гэж ярилцлагатаа нэмжээ.
Мөн мэргэжлийн баг, клуб, хот, мужууд хүртэл одоогийн нөхцөл байдалд тоглогч хөгжүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулан үндсэн зорилгоо болгож ажиллах ёстой гэдгийг дурьдсан юм. Өөрөө ч энэ тал дээр ажиллаж буйгаа дурьдаад удахгүй болох олон улсын тэмцээнд дасгалжуулж байсан Гуанжоу Эвэргранд багийг оролцуулахаа амлажээ. Түүний хэлснээр уг тэмцээнд Эйнтрахт Франкфурт баг ч оролцоно гэдгийг амласан байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |