Сан Антонио Спөрс багийн төвийн тоглогч асан Тиаго Сплиттэр НБА-с зодог тайллаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ташааны гэмтлийн улмаас НБА-д үзэгдээгүй Бразил төвийн тоглогч энэ талаараа өөрийн твиттэр хаягаар дамжуулан мэдэгджээ. Долоон жил НБА-д тоглосон тэрбээр “баяртай гэж хэлэх цаг нь болсон байна” гэж жиргэсэн юм.
2014 онд Спөрсийн бүрэлдэхүүнд аварга авсан Сплиттэр 2016 онд Атланта Хокс багийн бүрэлдэхүүнд байхдаа уг гэмтлийг авч сүүлийн хоёр жилд ердөө 44 тоглолтод л оролцсон. Хамгийн сүүлд тэрбээр 2017 оны 4 сард талбайда гарсан билээ.
Сплиттэр Бразилийн СпорТВ сувгаар ярилцлага өгөх үеэрээ “Сүүлийн хэдэн сар нилээн нухацтай бодож байж энэ шийдвэрийг гаргаж байна. Миний хүсэж байсан зүйл биш ч гэлээ сүүлийн хэдэн жил энэ гэмтлээс болж маш их зүйл бодоход хүрсэн. Анх бодож байснаас ч илүү ноцтой гэмтэл болж таарсан. Тэгээд эцэст нь гэр бүлийнхэн, эхнэр гээд ойр дотны бүх хүнтэйгээ ярилцсан. Зодог тайлах цаг нь болсон гэж бодож байна. Би энэ гэмтлийг авсныхаа дараа хагалгаанд орсон. Хэсэг хугацаанд ямар нэгэн зовиургүй, зүгээр байсан. Гэхдээ би ташаандаа төмөр суулгуулсан л даа. ” гэж дурьдсан юм. Би магадгүй ийм залгаас эрхтэнтэй НБА-д тоглосон цорын ганц хүн байх. Гэтэл удалгүй буцаад зовиурлаж эхэлсэн. Тэгээд анх хагалгаанд удирдаж оруулсан эмч дээрээ эргээд очсон. Гэтэл намайг дахиад тогломоор байвал нөгөө ташаандаа ч гэсэн яг адилхан хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Хэрвээ тэгэх юм бол дахиад жил гаран хүлээх хэрэг болно. Харин тэр үед би одоо тоглож байгаа хүүхдүүдтэй өрсөлдөхөд бие физиологийн хувьд боломжгүй болсон байна шүү дээ” гэж дурьдсан байна.
Гэхдээ тоглохгүй ч гэсэн НБА-с холдохгүй бололтой. Тэрбээр Сан Антонио Спөрсийн ахлах дасгалжуулагч Грег Поповичтой зодог тайлсныхаа дараа тус багт ажиллаж болох эсэх талаар ярилцсан байна. Энэ талаараа сэтгүүлчдэд “Сан Антонио бол миний хувьд гэр орон минь. Энд би хүн бүрийг танина. Би тэнд аялалаар очих болгонд бүгд намайг найрсагаар угтаж авдаг. Гэхдээ би тэнд байнга ажилтай байна гэсэн баталгаа биш л дээ. Хэдий тийм боловч ирээдүйд Спөрстэй хэсэг хугацаанд хамтарч ажиллах боломжтой гэсэн үг юм” гэж нэмж мэдэгджээ.
Сплиттэр бол Бразил улсаас НБА-ын аварга цолонд хүрсэн анхны тоглогч юм. Харин түүний араас Лаэндро Барбоса болон Андерсон Варежао нар Голден Стэйт Уорриорс багийн бүрэлдэхүүнд аварга цолонд хүрцгээсэн билээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |