БНСУ-д үргэлжилж буй өвлийн олимпийн наадамд одоогийн байдлаар 27 улс ямар нэгэн байдлаар медаль аваад байна. Казахстан, Латви, Лихтенштейн гэсэн улсууд тус бүр нэг хүрэл медаль хүртсэн бол Испани 2 хүрэл, Финлянд 3 хүрэл медальтайгаар хүснэгтийн 23-25 дугаар байруудад бичигдэж байна. Тэдний дээр медалийн чанараар нэг мөнгөн медальтайгаар Словени улс, 2 мөнгөн медаль, 1 хүрэл медальтайгаар Австрали улс явж байгаа юм. Харин манай хойд хөрш ОХУ-ын тамирчид 3 мөнгө 8 хүрэл медаль хүртсэн ч хараахан алтан медаль хүртэж амжаагүй яваа бол өмнөд хөрш маань 5 мөнгөн медаль 2 хүрэл медаль хүртсэн амжилттай хүснэгтэд 19 дүгээр байранд явна.
Чех, Словак, Беларус, Их Британи, Польш, Украйн гэсэн улсууд тус бүр нэг алтан медаль хүртсэн бөгөөд медалийн хүснэгтэд мөнгө хүрэл медалийн зөрүүгээр дээр доороо орж байна. Япон, Швейцарь, Итали 3 тус бүр 2 алтан медальтай 10-12 дугаар байранд бичигдэж байгаа бөгөөд тэдний дээр талбайн эзэд болох БНСУ 3 алт 2 мөнгө 2 хүрэл маедальтайгаар бичигдэж байгаа юм. Японы хувьд нэг алтан медаль авахад байрлал ахих боломжтой харагдаж байна. Учир нь тэд мөнгө болон хүрэл медалийн тоогоороо БНСУ-аас илүү олон байгаа юм. Швед нийт долоон медалийнх нь 4 нь алт 3 нь мөнгөн медаль учраас адилхан 4 алттай ч 2 мөнгөн медальтай Австри, Франц улсуудын дээр эрэмбэлэгдэж байна. Австри Франц улсууд медалийн тоо чанарын хувьд яг адилхан 4 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтай байгаа.
Хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй уг наадамд оролцож буй АНУ 5 алт, 3 мөнгө, 2 хүрэл медальтайгаар 5 дугаар байранд явж байна. Тэдний дээр 6 алттай хоёр улс байгаа юм. Уг хоёр улсыг гүйцэх боломж тэдэнд байна. Канад, Нидерланд улсууд тус бүр 6 алт, 2 хүрэл медальтай боловч мөнгөн медаль нь хоёрын зөрүүтэйгээр Канад гуравдугаарт буюу дээр нь байгаа.
Германы шигшээ баг 10 алт, 6 мөнгө, 4 хүрэл нийт 20 медальтайгаар 11 алт, 9 мөнгө, 8 хүрэл медальтай Норвеги улсыг нэхэж явна.
Норвегийн тамирчин Симен Хегстад Крүгер нийт 2 алт, нэг мөнгө нийт 3 медалийг уг олимпийн наадмаас хүртсэнээр олон медальтнуудыг тэргүүлж байгаа бол Германы биатлонч бүсгүй Лаура Далмаиер мөн 2 алт нэг мөнгөн медальтай зуузай холбож байна. Харин тэдний араас тус бүр 2 алтан медальтай 7 тамирчин байгаагаас Германы гурван тамирчин байгаа нь онцлууштай. Мөн Норвегийн 2 тамирчин нийт 4 алтан медалийг эх орондоо авч ирсэн байгаа юм. Нийт 37 тамирчин ямар нэгэн байдлаар 2 буюу түүнээс дээш медалийг аваад байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |