Олимпийн хотхонд валентиний баярын уур амьсгал оруулж буй хостой танилц. Эд бол АНУ-ын уран гулгалтын хосууд болох Крис Книэрим болон Алекса Книэрим.
Энэ жил 30 настай Крис болон 26 настай Алекса нар нь 1988 оноос хойш АНУ-ыг төлөөлж Олимпийн уран гулгалтын төрөлд өрсөлдөж буй анхны гэр бүл юм. Хосууд анх 2010 онд танилцаж байжээ. Тодруулбал Канзасын Вичитад болж байсан тэмцээний үеэр. Уг тэмцээнд Алекса ганцаарчилсан төрөлд өрсөлдөж байсан бол Крис Кэролин Анн Албатай хосын төрөлд өрсөлдөж байв.
“Би түүнийг анх хараад “ямар аятайхан залуу вэ?” гэж бодож байсан. Гэхдээ тэр үед би түүнийг харахаас өөр зүйл хийж чаддаггүй байлаа. Ядаж нэрийг нь ч мэддэгүй байсан” гэж Алекса анхны сэтгэгдлээ өгүүлэв.
Үүнээс хоёр жилийн дараа харин хосууд маань хэн хэн нь уран гулгалтын хосоо хайж байсан нь сонин тохиолдол юм. Ингээд уран гулгалтын дасгалжуулагч Дэлайла Саппэнфийлд тэднийг хоорондоо тохирох хамтрагчид болж чадна гэж үзсэн байна. Тухайн үед Крис Колорадо мужийн Колорадо Спрингст авто механикаар ажиллахын хажуугаар бэлтгэлээ базааж байжээ. Харин Алекса Конниктикатад амьдарч байсан аж. Ингээд Алекса хамтрагчтайгаа танилцахаар ниссэн байна. Харин Крис түүнийг тосч авахаар нисэх онгоцны буудал дээр хүлээж суусан гэдэг.
“Би түүнийг өөрийнхөө Камарогоор тосч авсан гэж Крис өгүүлэв.
“Тэр миний өмнүүр ороод хаалгыг маань онгойлгож өгсөн. Орчин үед ийм үйлдэл тэр бүр хүмүүсээс гараад байдаггүй, ховордсон цаг шүү дээ. Тэгээд цүнхийг маань барьж аваачаад тээшний савруу хийчихсэн. Хайр татам байсан шүү” гэж Алекса хэлэв.
Ингээд Алекса шинэ хоттой танилцах аянд гарсан байна. Харин түүний хөтөч нь Крис болжээ. Ингээд бэлтгэл гэлтгүй бүхий л зүйлд шинэхэн хамтрагчид хамт явах болов. Крис Алексаг өөрийнхөө найзуудтай хүртэл танилцуулж, шинэ хотод дасан зохицоход нь сэтгэл гаргасан аж.
Колорадод байхад анх чамд өгч байсан төрсөн өдрийн бэлэг маань юу билээ? гэж Крис асуухад Колорадод байх гурван сарын хугацаанд нөхөр маань надад ягаан өнгөтэй загасны уурга өгч байсан. Би түүнийг нь одоо ч ашиглах дуртай гэж Алекса хариулав.
Хосуудад албан ёсны анхны болзоо гэж байсангүй. Бүх зүйл байгалийн жамаараа явагдсан байна. Ингээд Крис нэг л өдөр Алексаг зориг гарган үнсжээ. Харин Алекса хариу үнсэв. Ингээд л уран гулгалтын хамтрагчид харилцаандаа шинэ хуудас нээжээ.
Анхандаа уг харилцаа маш эрсдэлтэй байсан талаар Крис тухайн үеийн бодлоо хуваалцав. Учир нь энэ хувийн харилцаа хэрвээ нурвал бэлдэж байсан бэлтгэл нь ч гэсэн дагаад нурах байлаа. Тэгж нурсан хосууд ч зөндөө байсны дээр өмнө нь хамтрагчтайгаа хайр дурлалын харилцаанд орж байгаагүй Крист шинэхэн, бөгөөд бодохуйяа сэтгэл чилээхээр асуудал байсан гэнэ.
Хайр ч ээдрээтэй зүйл шүү...
Гэхдээ тухайн үед мэдрэмж маань маш хүчтэй нөлөөлсөн. Би ч мэдрэмжээ дагасан. Энэ шийдвэр маань алдаагүй учраас бид одоог хүртэл хамт байна гэж Крис өгүүллээ.
Хосууд 2014 онд сүй тавьж, 2016 онд гэрлэсэн байна. Хувийн амьдрал, спортын талбар дээр ч тэд үргэлж хамтдаа байж маш оон ялалт, амжилтыг өнгөрсөн хугацаанд хамтдаа бүтээжээ.
Гэхдээ үлгэр биш учраас саад тотгор, хүнд хэцүү зүйлс гэсэн тохиолдож байжээ. Ойр тойрны хүмүүсийн үхэл, гэмтэл бэртэл гээд дурьдаад байвал зөндөө. 2013-2014 онд Крис шилбэний ясаа хугалснаас болж Сочигийн олимпийг даруухан өнгөрөөв. Гэхдээ 2015 онд нь хосууд улсынхаа аваргууд болж чадсан байна. Гэтэл дахиад л хүндхэн үе тохиосон аж. 2016 онд Алекса ходоод гэдэсний маш ховор тохиолддог өвчин эмгэгтэй нүүр тулж, эрчимт эмчилгээнд олон цагаар ухаангүй хэвтэж байсан аж. Үүнээс шалтгаалж хэд хэдэн мэс ажилбарт орж, 36 кг болтлоо турж байжээ. Залуу хосын хувьд уран гулгалт хоёрдугаарт тавигдаж, амьдралын сорилтуудтай нүүр тулж эхэлсэн байна. Алексагийн уг өвчин Крисийн олимпийн мөрөөдөлд хүртэл нөлөөлж болохуйц байсан гэдгийг уншигч та надаар хэлүүлэлтгүй ойлгож байгаа биз. Гэхдээ...
Крис үнэхээр буурь суурьтай эр хүн гэж Алекса хэлэв.
Ингээд уг өвчний дараа Алексагийн хувьд тэшүүр дээр гулгах нь анхлан суралцаж байгаа хүүхэд шиг л байсан аж. Гэхдээ Крис өдөр болгон гэргийдээ урам өгч, хамт бэлтгэл хийсээр 2017 гэхэд тэд эргээд формдоо оров. Тэмцээн уралдаануудад ч орж эхэлсэн байна.
Улмаар 1 сард тэд дахин улсынхаа аварга болж, харин энэ даваа гаригт Олимпийн хүрэл медалийг багийн төрөлд хүртэж чадсан юм.
Харин уг медалиа авсан талаараа Алекса “Хэн ч бид хоёрын юуг даван туулж энд хүрснийг мэдэхгүй. Намайг медалиа атгаад зогсож байхад нөхөр маань энэ бүхний дараа үүнийг хүртэх эрхтэй гэж хэлсэн” хэмээжээ
Харин энэ удаад тэд хосын төрөлд өөрсдийн амьдралаа тэшүүрэн дээр зураглах боломжтой болсон байна.Тэд мэдээж хэрэг хосын төрлийн медалийн фаворитууд байгаагүй. Яг энэ олимпоор тэд зүгээр л бие биенийхээ төлөө л уран гулгаж байна. Тэдний чөлөөт үзүүлбэр алдарт Unchained Melody аян дээр өрнөв. Энэ нь тэдний хуриман дээрээ бүжиглэсэн хамгийн анхны аяз юм.
“Бидний харилцааг гулгаж байхад минь ямар ч хүн олж харж болно. Энэ бол ямар ч хүнд элемент, үзүүлбэрийн гүйцэтгэлээс илүү давуу тал. Энэ бол төрөлх зөн совиндоо хөтлөгдсөн мэдрэмж. Хүчилсэн зүйл байхгүй, бодит мэдрэмжээр хөглөгдөж буй зүйл” гэж Крис өөрсдийнхөө үзүүлбэрийн талаар дурьдав.
Ингээд олимпийн наадам, болон валентиний баяр хосуудын хувьд хэзээ ч мартагдахааргүй сайхан болж байна. Үнэхээр сайхан түүх биш гэж үү?
“Ямар ч зүйлийг хүчилж, ямар ч зүйлд яарах хэрэггүй. Болох ёстой зүйлс болдгоороо л болдог. Жинхэнэ хайр сэтгэлд бэлтгэнэ гэдэг боломжгүй зүйл” гэж Крис хэлэв.
“Өөртөө үнэнч бай. Би бол анхнаасаа л хачин жигтэй өөрөөрөө байсан” гэж Алекса үргэлжлүүлэхэд “тиймээ, гэргий маань анхнаасаа ийм байсан” гэж Крис дэмжив.
Магадгүй би өөрийнхөөрөө биш байсан бол нөхөртөө таалагдахгүй ч байх байсан юм билүү? Гэж Алекса яриагаа өндөрлүүлэв.
Хайр үнэхээр хүчтэй юм даа. Олимпийн медаль хүртэл авч өгдөг гайхалтай зүйл юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |