Одоогоос хэдхэн хоногийн өмнө Монголын 3х3 сагсан бөмбөгчид болон МҮСБХ-ны лигт тоглодог тамирчид БСШУСЯ-ны гадаа жагсаж байсан. Тэгвэл энэ удаа МСБХ-ы дээд лигт тоглодог тамирчид спортын төв ордны “А” зааланд МҮСБХ-ны эсрэг уриа лоозон барьж эсэргүүцлээ илэрхийллээ.
Уг эсэргүүцэлд Алдар Танан Гарьд, Шутис Шаркс, Хасын Хүлгүүд, Төв Ургац, Этүгэн Ирвэсүүд, Хан Уул Хангарьд гэсэн дээд лигт тоглодог зургаан багийн тоглогчид дасгалжуулагч нар нэгдсэн юм. Олны танил тамирчдын төлөөлөл болж Ш.Сэдбазар, О.Ууганбаяр, П.Болортулга, Ц.Азбаяр, Т.Санчир, О.Сэргэлэн, Б.Батжавхлан, С.Өрнүүбилэг, М.Бадрах нар уг эсэргүүцэлд нэгдсэн байлаа. Тодруулж хэлэхэд эдгээр тоглогчид нь Монголын шигшээгийн тоглогчид билээ.
Эдгээрээс гадна одоо цаг үеийн сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэгддэг БНСУ-ын иргэн, Хан Уул Хангарьд багийн дасгалжуулагч Пак Сун Гин уг эсэргүүцэлд нэгдсэн байлаа. Түүний хувьд анх 2004 онд Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллахаар ирж улмаар дээд лигийн Халелуяа багт мөн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан.
Тамирчид МҮСБХ-ны ерөнхий нарийн бичиг С.Тулга болон түүний удирддаг МҮСБХ-г эсэргүүцэж “Монголын сагсан бөмбөгийг хоёр хуваахаа боль, Ц.Цэвэрбал, Б.Дамба дасгалжуулагч нарыг ашиглахаа боль, бид МСБХ-г дэмжиж байна” гэсэн уриа лоозонг барьсан байлаа.
Б.Энх-Амгалан