Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо болон өсвөрийн сагсчид өнөөдөр БСШУСЯ-ны гадаа жагслаа. Өчигдөр Монголын сагсан бөмбөгийн Ц.Цэвэрбал тэргүүнтэй холбоо хэвлэлийн бага хурал хийж байсан бол ийнхүү өнөөдөр МҮСБХ болон Спрайт лигээс гарч ирсэн гэгддэг Монголын 3х3 сагсан бөмбөгчид харьяа яамны гадаа жагслаа. Тэд Монголын сагсчдыг гудамжинд гарахыг зогсоогооч гэсэн уриа барьсан байв. Уг жагсаал нь өчигдөр болсон хэвлэлийн бага хуралтай адилхан уриа лоозон барьж, ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нарт ханджээ.
Уг жагсаалыг МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга удирдан зохион байгуулж, МҮСБХ-ы зохиодог лигүүдэд тоглодог тамирчдын төлөөлөл дэмжлээ. Харин уг жагсаалд энэ баасан гаригт эхлэх дээд лигийн Б.Тамир тэргүүнтэй МСБХ-ы лигт тоглодог тамирчид оролцсонгүй.
Тодруулбал Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн төлөөлөл болсон 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нарын тамирчид болон МҮСБХ-ны 21 аймгийн лигийн төлөөлөл болсон тамирчид уг жагсаалд оролцсон бол МСБХ-ы Дээд Лигт тоглодог Монголын шигшээ багийн тамирчид болох Т.Санчир, Б.Билгүүн, О.Сэргэлэн, Ц.Азбаяр нарын шилдэг тамирчид уг жагсаалд оролцсонгүй.
Дашрамд дурдахад Монголын сагсан бөмбөгийн холбоод дотоод маргаанаа цэгцлэхгүй бол олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцуулахгүй гэдгээ ФИБА буюу Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбоо мэдэгдчихээд байгаа юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |