НБА-ын улирал дундын амралт буюу бүх оддын тоглолтын долоо хоног дөхсөн энэ үед НБА-ын сүпер одууд ар араасаа гэмтэж эхлээд байна. Саяхан Мемфис Грийзлийс багийн Майк Конли, Сакремэнто Кингс багийн төвийн тоглогч ДеМаркус Казинс, Оклахома Сити Тандэр багийн хамгаалагч Андре Роберсон нар гэмтээд байсан. Тэгвэл үүнээс хойш Вашингтон Визардс багийн бүх од холбон тоглогч Жон Уолл мөн өвдөгний гэмтлийн улмаас дор хаяж 6 долоо хоног тоглохгүй болсон билээ. Тэгвэл өнөөдөр бас нэгэн бүх одод тоглогч гэмтэж хасагдах шатыг хүртэл талбайд гарах боломжгүй боллоо. Дорнод бүсээс аваргын төлөө өрсөлдөх багуудын тоонд жил бүр ордог Кливлэнд Кавалерсийн бүх одод довтлогч Кевин Лаав гараа хугалсан байна. Ингэснээр 6-8 долоо хоног талбайд гарах боломжгүй гэсэн анхан шатны мэдээлэл цацагдаад байгаа юм.
Эмчийн дүгнэлтээр зүүн гарын чигчий хурууны савхан яс хугарсан гэсэн онош тогтоогдоод байна. Ингэснээр түүний оронд бүх оддын тоглолтод түүнийг орлох бас нэгэн од тоглогч дорнод бүсэд хэрэгтэй боллоо.
Жон Уоллын гэмтэлтэй холбоотойгоор Дэтройт Пистонс багийн төвийн тоглогч Андре Драммонд түүнийг орлох болсон.
Яг одоогийн байдлаар Кливлэнд Кавалерс Бостон Сэлтиксээс 5.5 хожлын зөрүүтэй хүснэгтэд явж байгаа юм. Магадгүй Лаавын эзгүйд энэ зөрүү улам ч холдож мэдэхээр байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |