Пёнчан-2018 өвлийн Олимпод АНУ түүхэн дэх хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. Тодруулбал тэд энэ удаагийн наадамд 242 тамирчинг БНСУ руу илгээхээр болжээ. Өмнөх Сочигийн Олимпийн наадамд АНУ 230 хүн илгээснээс 222 тамирчин нь өрсөлдөж байсан. Үүгээрээ мөн л рекорд тогтоож байсан.
Харин энэ удаагийн өвлийн Олимпод оролцох хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй өөр нэг улс бол Канад. Одоогоор 220-230 тамирчин оролцоно гэж тооцоолж байгаа аж. АНУ-аас спортын бүх төрөлд өрсөлдөх юм байна. Эдгээрийн дунд Олимпийн аваргууд болох Линдсей Вонн, Микаэла Шиффрин, Тэд Лигети, Шон Уайт, Келли Кларк, Жейми Андерсон нар багтаж байгаа юм.
Мөн эдгээрээс гадна Олимпод анх удаагаа оролцох гэж байгаа уран гулгалтын залуу од Натан Чен болон снөүбоордын од Клой Ким нарын төлөөлөл ч БНСУ-ыг зорих аж.
Харин АНУ-ын шигшээд багтсан хамгийн ахмад тамирчин нь өдгөө 39 настай хоккейчин Брайан Жионта юм. Тэгвэл Пёнчаны Олилмп нь 1994 оноос хойшхи анхны 40 настангууд оролцоогүй Олимп болж бүртгэгдэх гэнэ.
Харин АНУ-ын багт багтсан хамгийн залуу тамирчин нь уран гулгалтын тамирчин Винсент Жоу. Тэрбээр энэ жил 17 настай.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |