Жабари Паркэр эрүүл мэндийн хувьд тоглох боломжтой боллоо. Тухайлбал манай цагаар энэ бямба гаригт буюу 2 сарын 3-нд Нью Иорк Никсийн эсрэг тоглох боломжтой аж. Энэ талаар тэрбээр Фокс спорт телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна.
“Жабари буцаж формоо олох гэж эмч нарын баг болон, дасгалжуулагчдын багийнхантайгаа маш шаргуу хөдөлмөрлөсөн. Үүнийхээ дүнд эрүүл мэндийн үзлэгийг амжилттай давж, талбайд гарахад бэлэн болоод байна. Хамгийн чухал нь тэр өөрөө ч талбайд гарахдээ бэлэн байгаа. Бид ч гэсэн түүнийг бямба гаригт болох уг тоглолтод харахыг тэсэн ядан хүлээж байна” гэж багийн ерөнхий менежер Жон Хорст мэдэгдсэн юм.
Паркэр нь өнгөрсөн оны 2 сарын 8-нд зүүн өвдөгний арын чагтан холбоос шөрмөс тасарсан гэмтэл аваад байсан билээ. Улмаар 2 сарын 14-нд мэс ажилбарт амжилттай орж, түүнээс хойш талбайд гараагүй. Тэрбээр гэмтэх хүртлээ 51 тоглолтод оролцож 20.1 оноо, 6.2 самбараас бөмбөг авалт, 2.8 ашигтай дамжуулалт, 1 бөмбөг таслалт гэсэн үзүүлэлт дунджилж байсан юм. Мөн дунджаар 33.9 минутыг талбайд өнгөрүүлж байлаа. Нийт 47 удаа хоёр оронтой оноо авснаас 28 тоглолтод нь 20 буюу түүнээс дээш оноог багийнхаа төлөө аваад байсан юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |