Талбайн теннисийн Швейцарь од Рожер Федерер амралтын өдрүүдээр өндөрлөсөн их дуулгын цувралын эхнийх болох Австралийн нээлттэй тэмцээнд түрүүллээ. Ингэснээр тэрбээр их дуулгын 20 дахь түрүүгээ авч буй нь энэ юм. Тэрбээр шигшээ тоглолтод 5 сэт тоглосны эцэст Марин Чиличийг буулган авч Австралийн Нээлттэй тэмцээний цомыг зургаа дахь удаагаа өргөсөн нь энэ.
Федерер уг хожлынхоо дараа “Өнөөдрийн үзэгчдийн уур амьсгал дээд цэгтээ хүрсэн байсан. Ийм үед би заавал хожих ёстой л гэж бодож байлаа. 3:2-оос хойш өрсөлдөгч маань 4 оноог дараалж авсан. Тиймээс түүний хэмнэлийг алдуулахыг л юу юунаас илүү хүсэж байлаа. Би өөрийнхөө давуулалтыг маш сайн хийхийг хичээсэн. Харин үүнийг маань бага зэрэг аз түшиж тоглолт эргэсэн гэж бодож байна. Бас туршлага маань надад тус болсон” хэмээжээ.
Ингээд Рожер Федерер бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон их дуулгын түрүү булаасан хэмээх дээд амжилтаа нэгээр ахиуллаа. Харин удаан бөгөөд хүндхэн үргэлжилсэн 5 сэт тоглолтын дараа Чилич “Би өнөөдрийнхөө тоглолтод сэтгэл хангалуун байна. 4 дүгээр сэтэд би тоглолтыг өөрийн талд эргүүлэхийг л хүсэж байлаа. Тиймдээ ч цохилтууд маань гайхалтай байсан гэж бодож байна. Харин 5 дугаар сэтийн эхний оноо л энэ тоглолтыг шийдэх эргэлтийн цэг болчих шиг санагдсан. Түүнээс хойш би тогтворгүй болчихсон. Сэтгэлзүйн хувьд маш хүнд тоглолт боллоо. Бас тэмцээний турш би бүх тоглолтоо гадаа талбайд хийсэн нь надад бага зэрэг хүнд байлаа” гэж тухайн тоглолтынхоо талаар ярьсан юм.
Хэдийгээр ялагдсан ч гэсэн Чилич нийт шагналын сангаас 1.6 сая ам.доллар авч байгаа бөгөөд үүнээсээ гадна дэлхийн чансааны гурав дугаар байр руу дэвшиж байна. Харин Рожэр Федерер дэлхийн чансааны хоёрдугаар байрандаа хэвээр үлдсэн. Харин шагналын сангаас 3.2 сая ам.доллар халаасалж байгаа юм.
Дэлхийн чансаанд түүний урд Рафаэл Надал бичигдэж байгаа билээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |