Пёнчан 2018 өвлийн Олимпийн наадамд Австри гаралтай 19 настай Сабрина Симадар түүхийн шинэ хуудас нээх гэж байна. Тодруулбал тэрбээр Кени улсыг төлөөлж Олимпийн наадамд оролцох болоод буй юм. Ингэснээр Африк тивийн Кени улс анх удаагаа цанын төрлөөр Олимпийн наадамд оролцох болж байгаа юм.
Сабрина нь уулын цаначин бөгөөд Кени улсын түүхэнд өвлийн Олимпод оролцох гэж буй хоёр дахь тамирчин болж бүртгэгджээ.
Сабрина нь Кени улсад төрсөн бөгөөд 3 настайдаа ээжийнхээ хамтаар Австри руу нүүж байсан юм байна. “Би Кени гаралтай боловч Австри хүн шиг болж төлөвшсөн. Хэдийгээр одоо би Кенид амьдардаггүй ч гэсэн тэнд төрж, амьдарч байсан гэдгээрээ бахархдаг. Би Кени улсыг төлөөлж, гайхалтай өрсөлдөөн үзүүлэхийг зорьж байна. Би хүүхэд байхаасаа л Олимпийн наадамд оролцохыг мөрөөддөг байсан” гэж Сабрина сэтгүүлчдэд хэлжээ.
3 настайдаа Австри улсад очиж байсан Сабрина нь 13 настайдаа орон нутгийн аварга болж байсан байна. Тэгвэл тэрбээр хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлж дэлхийн хамгийн том спортын наадамд оролцох болоод байна.
Түүнээс өмнө Кени улсыг төлөөлж өвлийн Олимпод оролцож байсан тамирчин бол Филип Бойт юм. Бойт нь мөн цаначин байсан бөгөөд кросс кантри төрөлд 1998, 2002, 2006 онуудад Кени улсыг төлөөлж байжээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |