НБА-ын Лос Анжелэс Лэйкэрс багийн алдарт тоглогч Коби Брайант зодог тайлаад багагүй хугацаа өнгөрчээ. Гэхдээ түүний нэр одоо болтол сагсан бөмбөгийн ертөнц төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна. Мэргэжлийн замналдаа 5 удаа аваргын цом өргөж байсан түүнд дахиад нэг цом хэрэгтэй юу? Тэгвэл тэрбээр 6 дахь цомоо авч магадгүй байна. Энэ удаад гэхдээ Оскарын цомыг өргөж болзошгүй юм. Тодруулбал түүний 2015 онд зодог тайлахаа мэдэгдэж байсан “Хүндэт сагсан бөмбөг танаа” хэмээх шүлгээр богино хэмжээний анимейшн бүтээгдсэн нь энэ жилийн академийн дээд шагнал гардуулах ёслолд нэр дэвшжээ.
Түүний уг шүлэг “"Сагсан бөмбөг танаа, Аавынхаа урт оймсыг бөөрөнхийлж байгаад хожлын шидэлт хийж байна гэж төсөөлж байсан мөчөөс хойш агуу Western Forum ордонд байхдаа би нэг зүйлийг л мэдсэн: Би чамд дурласан байв” хэмээн эхэлж “Зүрх сэтгэл минь ямар ч хүнд бүхнийг дийлнэ, оюун санаа минь ч хэцүү бүхнийг давчихна. Гэхдээ бие махбодь маань сагсан бөмбөг чамд баяртай гэж хэлэх болсон гэдгийг мэдэрч байна” гэсэн өгүүлбэрээр дуусдаг билээ.
Уг шүлгээр хийсэн анимейшнийг та бүхэнд хүргэж байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |