Бостон Сэлтикс багийн домогт тоглогч, 1970-аад он буюу Билл Рассэлийн дараах эрин үеийг тодорхойлж байсан Жо Жо Уайт өнөөдөр 71 насандаа хорт хавдрын улмаас таалал төгслөө. Энэ талаар Бостон Хэралдс сайтын сэтгүүлч Стив Булпетт олон нийтэд анхлан мэдэгдлээ.
Жо Жо Уайт нь арван улирлыг Сэлтиксийн бүрэлдэхүүнд өнгөрүүлэхдээ 7 жил дараалж бүх одод тоглогч болсноор тогтохгүй, алдарт Жон Хавличек, Дэйв Коунс нарын хамтаар 2 ч удаа аваргын цом өргөсөн билээ. Мөн тэрээр 1976 оны шигшээ цувралын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарч байлаа. Багийн төлөө хийсэн бүх зүйлийг нь үнэлж түүний 10 дугаарыг мөнхөлсөн юм. Үүнээс гадна 2015 онд түүнийг сагсан бөмбөгийн алдрын танхимд мөнхөлсөн.
Уг мэдээллийн талаар Сэлтиксийн олон нийттэй харилцах алба “Агуу Жо Жо Уайтыг алдсандаа бид маш их харамсаж байна. Тэр бол жинхэнэ аварга бас жинхэнэ боловсон эр хүн байсан. Талбай дээр хязгааргүй авьяаслаг нэгэн байсан бол, талбайн гадна бусдын хайр хүндлэлийг татсан эелдэг нэгэн байлаа. Хоёр удаа аварга авсан багийн бүрэлдэхүүний гол тоглогч, шигшээ цувралын үнэ цэнэтэй тоглогч, Олимпын алтан медальтан, алдрын танхимын гишүүн гэдгээр нь бид түүнийг дурсан санах болно. Түүний энэ бүх амжилт нь тухайн цаг үедээ болоод л өнгөрөхгүйгээр барахгүй нийгэмд хүртэл маш том нөлөө үзүүлсэн юм. Энэ их уй гашууд автсан үед Сэлтикс багт хамааралтай бүх хүн түүний гэр бүлтэй хамт байгаа гэдгээ уламжилж байна” хэмээсэн юм.
Харин гэр бүлийнхэн нь “Хайрт эцэг, түшигтэй хань маань тэнгэрт хальсан нь биднийг уй гашууд автууллаа. Тэрээр алдрын танхимд багтсан домогт сагсан бөмбөгч байгаад зогсохгүй гайхалтай эр хүн байсан. Бид бүхэнд зогсоо зайгүй ирж байгаа эмгэнэлд талархалтай хандаж байгаагаа дуулгаж байна. Гэхдээ бидэнд түүний амьдралыг дурсан санах гэр бүлийн цаг хугацаа хэрэгтэй байгааг уламжилмаар байна” гэж олон нийтэд мэдэгдлээ.
Тэрээр мөн НБА-д драфтлагдан орохоосоо өмнө мэргэжлийн бэйсбоолын Синсиннати Рэдс, мэргэжлийн хөлбөмбөгийн Даллас Коубооёс багуудад ч мөн драфтаар орж байсан юм. Үүнээс гадна Нэгдсэн Улсын Усан цэрэгт нэг жилийг өнгөрүүлжээ. 1981 онд зодог тайлсныхаа дараа тэрээр Сэлтиксийн тусгай төслүүд хариуцсан албаны даргаар амьсгал хураах хүртлээ томилогдон ажиллаж байлаа.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |