Сумогийн ертөнц дахин нэг асуудлаар шуугиж эхэллээ. Сумо Бөхийн Холбооны урдаа барих шүүгчдийн нэг Шикимори Иносүкэ өсвөр насны хүүд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт нэр холбогдоод байна. Тэрбээр одоогийн байдлаар уг хэргээсээ болж гурван башёд ажиллах эрхээ хасуулах шийтгэл авчээ. Ингэснээр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд эхлээд буй башёг үргэлжлүүлэн шүүх боломжгүй болжээ.
Өдгөө 58 настай Иносүкэ буюу Ицүо Ноүчи гурван башёгоор тогтохгүй хугацаанд дохёд гарах боломжгүй болох аж. Учир нь түүний гэрээг Японы сумо бөхийн холбоо хараахан сунгаагүй байгаа юм.
Японы Сумо Бөхийн холбооны удирдлагуудыг төлөөлж, Хакакү хэвлэлийн бага хурлын үеэр “Бид түүнд өөрийнхөө хийсэн үйлдлийг тунгаах хугацаа өгөхийг хүсэж байна” хэмээжээ.
Уг шийтгэлийн хугацаанд шүүгч Иносүкэ тогтмол орлого буюу сар бүрийн цалингаа авах боломжгүй болж байгаа бөгөөд гэрийн хорионд байна. Уг нь тэрбээр башё болгонд хамгийн сүүлийн буюу ёкозуна цолтнуудын барилдааныг шүүдэг нэгэн юм. Өөрөөр хэлбэл шүүгч нарыгаа зэрэг дэвээр манлайлдаг гэсэн үг.
Уг хэрэгтээ тэрбээр сумо бөхийн холбоо болон сүмо бөх сонирхогчдоос уучлал гуйсан байна. Уг хэрэг 12 дугаар сард болсон аж. Хэрэг гарах үед шүүгч эр согтуу байсан гэж мэдүүлжээ.
Тэрбээр өсвөр насны шүүгч хүүгийн уруул дээр хэд хэдэн удаа үнсэж, цээжинд нь хүрсэн аж. Уг хэргийнхээ төлөө хүүгийн гэр бүлээс мөн уучлал гуйсан байна. Хүү болон хүүгийн гэр бүлийнхэн уг хэргээр шүүх цагдаад хандах бодолгүй байгаа бололтой.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |