Боливи улсын өмнөдөд үргэлжилж буй Дакар Ралли уралдааны 8 дахь өдрийн шилдгүүд тодорлоо. Уг өдөр аваргаа хамгаалагч Франц нисгэгч Стефан Петерхансель тэргүүллээ. Тэрбээр Пежо багийн хамтран нисгэгч Сириль Депрег ялж ийнхүү бүх түрүүлсэн. Уюуниэс Тупуза хүртэлх 498 км замыг тэрбээр 5 цаг 15 минут 18 секундэд туулсан бол Депре түүнээс 49 секундээр хоцорчээ. Харин гуравдугаар байран Тоёота багийн нисгэгч Нассэр Эль-Аттияа оров. Катар нисгэгчийн хувьд Петерханселиас 2 минут гаран хугацаагаар хоцорсон юм.
Испаний тамирчин Карлос Сайнц нийлбэр дүнгээр тэргүүлсэн хэвээр байна. Тэрбээр 8 дахь өдрийн уралдаанд тавдугаар байранд орсон билээ. Нассэр Эль Аттияа түүнээс нэг цагаар хоцорч нийлбэр дүнгээр хоёрдугаар байранд явж байгаа юм. Харин Петерхансель гуравдугаар байранд бичигдэж байна.
Харин мотоциклийн ангилалд Францын Антуан Мео түрүүлсэн. КТМ багийн тамирчны хувьд 5 цаг 24 минут 1 секундын хугацаанд нийт замаа дуусгасан. Харин түүний араас нэг минутаар хоцорч Хонда багийн тамирчин Рики Брабек орлоо. КТМ багийн болон Австралийн тамирчин Тоби Прайс гуравдугаар байранд орсон юм. Тэрбээр тэргүүн байраас даруй 3 минутаар хоцорч барианы шугмыг давсан.
Нийлбэр цагийн дүнгээр Ямаха багийн Франц нисгэгч Адриен Ван Беверен тэргүүлж, түүний араас 22 секундээр Хонда багийн Аргентин тамирчин Кевин Беневидез дэд байрт явна. Харин КТМ багийн Австри эр Маттъяс Уолкнэр гуравдугаар байранд явна. Тэрбээр 6 минут хагасын амжилтаар тэргүүлэгчийг нэхэж байна.
Зохион байгуулагчдын зүгээс тэмцээний ес дэх өдрийн уралдааныг цаг агаарын таагүй нөхцөл байдалтай холбоотойгоор хойшлуулаад байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |