Өчигдөр Бостон Сэлтикс Кливлэнд Кавалер багуудын тоглолтын үеэр “жижиг” Томасын хоёр жил гарны хугацаанд Бостон хотын төлөө тоглож байсныг хүндэтгэн, түүний энэ хотод өнгөрүүлсэн жилүүдийг хураангуйлсан хүндэтгэлийн видео гарах байсан. Гэвч Томасын өөрийнх нь хүсэлтээр үүнийг цуцалсан юм. Учир нь Томас уг тоглолтод тоглоогүйн дээр гэр бүлийнхэн нь Бостон хотод хүрэлцэн ирээгүй аж. Үүнийг нь ч багийн удирдлагууд хүлээн зөвшөөрч, уг хүндэтгэлийн арга хэмжээг хойшлуулсан. Хойшлуулсан ёсоор дараагийн боломжит хугацаа нь 2 сарын 11-нд болох тус хоёр багийн тоглолт болж таарч байгаа юм. Гэхдээ нэг асуудал үүсээд байна. Учир юу вэ гэвэл Селтиксийн домог Пол Пирсийн дугаарыг тус өдөр мөнхлөхөөр товлоод байсан юм. Энэ асуудалд холбогдох нэр бүхий тоглогчид, хүмүүс хэрхэн хандаж байгаа нь их сонирхолтой.
Азаиа Томас: Тэр үдэш бол Пол Пирсийн үдэш. Гэхдээ ганц видео тоглуулахад бүтэн шөнө шаардлагагүй шүү дээ. Би зүгээр л гэр бүлийнхэн маань үүнийг хараасай гэж хүссэн. Хүссэн зүйл маань ердөө л энэ. Би өөрөө тоглож буй тоглолтондоо, гэр бүлийнхэн маань харж байхад энэ хот надад ямар сайхан дурсамж үлдээсэн, намайг яаж хайрладаг, ганцхан үдэш надад юу бэлдсэнийг нь л харахыг хүссэн. Миний төлөөлөгч энэ хүсэлтийг минь багийн удирдлагуудад уламжлахад тэд ч үүнийг ойлгож хүлээн зөвшөөрсөн. Хүмүүс яагаад уурлаад байгааг мэдэхгүй байна. Би Пол Пирсээс юуг нь ч булаах гээгүй шүү дээ. Тэр энд 15 жил байсан.Тиймээс надад түүнээс авч чадах зүйл байхгүй. Удирдлагууд 2 сард тохиох тэр үдшийг сонгох аваас надад үнэхээр бахархалтай, гайхалтай санагдах болно. Бас гэр бүлийнхэн, найз нөхөд маань ч үүнийг хуваалцах боломжтой. Энэ нь миний хувьд нэр төрийн хэрэг байх болно.
Энэ бол Азаиа Томасын бодол. Багийн удирдлагуудын нэг Дэнни Эйнж ч мөн ийм бодолтой байгаа аж.
Дэнни Эйнж: Пол тэр оройн хамгийн гол хүн нь байх болно. Хоолоор зүйрлэвэл үндсэн хоол, десерт гээд бүх зүйл нь тэр байх болно. Үнэхээр хөгжилтэй байна гэж бодож байна. Уг асуудалд Пол нэг их дургүйцэж, саад болохгүй байх. Тэр үүнийг ойлгох болно. Бүх хүн ойлгоно. Тэр тоглолт гайхалтай тоглолт байх болно. Тэр үдэш гайхалтай үдэш байх болно. Бидний сэтгэл зүрхэнд ч гэсэн Азаиа үүнийг хүртэх ёстой гэсэн бодол байгаа. Азаиа бидний төлөө чадах бүхнээ давуулан биелүүлсэн учраас бид түүнийг хайрлаж, түүнд талархдаг. Мэдээж хэрэг энэ хоёр тоглогчийг харьцуулж болохгүй. Гэхдээ энд байх бүхий л хугацаандаа Азаиа маш хүлээцтэйгээр бүх зүйлд ханддаг байсан. Тэр ямар нэг зүйл багаас нэхэж гоншигоноод байдаггүй байсан. Энэ удаа л ганц хүсэлт тавьсан. Тиймээс бид хүсэлтийг нь хүлээн зөвшөөрсөн.
Харин энэ нөхцөл байдал Пол Пирст таалагдсангүй.
Пол Пирс: “Би Азаиаг хүндэтгэлийн бичлэгээ үзэх эрхгүй гэж хэлээгүй. Гэхдээ 2 сарын 11-нд миний өмсгөлийг мөнхжүүлнэ шүү дээ. Харин би тэр үдэш жамбатрон дэлгэцэн дээр Азаиад зориулсан бичлэгийг үзэхийг хүсэж байгаа гэдэгтээ итгэлтэй биш байна” хэмээгээд үргэлжлүүлэн Коби Брайнтийн дугаарыг Лос Анжелэс Лэйкэрс хэрхэн мөнхжүүлсэн нь, завсарлагааны үеэр багийн нөхөд нь Кобид хэрхэн хүндэтгэл үзүүлж байсан зэрэг нь Пирст маш их таалагдсан гэдгийг онцолсон юм. Пирс “Би тэр тоглолтыг эхнээс нь дуустал шимтэн үзсэн. Бостон Сэлтикс ч гэсэн надад ийм үдэш бэлэглэнэ гэж найдаж байна. Би тэр үдэш Азаиагийн бичлэгийг үзэхийг хүсэж байгаа гэдэгтээ итгэлтэй биш байна” гэв.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |