Реал Мадрид клубын довтлогч Кристиано Роналдо өнгөрөгч 2017 оныхоо талаар Испаний спортын сонин болох Diario AS-т ярилцлага өгчээ.
Тэрбээр өнгөрсөн 2017 онд багийнхаа хамтаар Испаний лигийн аварга болон аваргуудын лигт түрүүлж, мөн 5 дахь удаагаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагнал болох“Алтан Бөмбөг”-ийг авсан билээ. Тэгвэл энэ талаараа тэрбээр “Маш олон зүйлийн хувьд итгэмээргүй жил боллоо” гэж сэтгүүлчдэд онцоллоо.
“Мадейрагийн гудамжинд анх бөмбөг өшиглөж байснаас хойш өнгөрсөн хугацаанд биелүүлсэн бүх зорилго, хүрсэн бүх амжилтаа эргээд харахад үнэхээр үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж төрж байна” хэмээгээд ,үргэлжлүүлэн 2017 онд нийт 57 гоол оруулсан талаараа “Төрөлхийн бага сага авьяастай байсан нь сайн хэрэг. Гэхдээ ихэнхи амжилтандаа хүрэхийн тулд маш шаргуу хөдөлмөрлөсөн. Намайг мэргэжлийн түвшинд ийм өндөр амжилтанд хүрэхэд маш олон хүн тус болсон. Тэдэнгүйгээр энэ амжилтанд хүрэх боломжгүй байсан” гэжээ.
Гэхдээ 2017-2018 он тэр чигтээ дардан сайхан байсангүй. Алдарт хөлбөмбөгчний хувьд татвараас бултсан хэргээр шүүх дээр асуудалд орооцолдоод амжсан билээ. Гэхдээ Роналдо энэ талаар ярихыг хүссэнгүй.
“Хүүхэд байхаас маань эхлээд миний амжилт, уналт бүх үед хамт байсан найз нөхөд, гэр бүлийнхэндээ талархаж буйгаа уламжлах хэрэгтэй” гэж Роналдо эцэст нь онцлон хэлсэн байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |